Саарал жагсаалтын асуудлаар Монголыг ямар ч улс хамгаалаагүй

Нийтлэл


  • Алтны татварын нэмэгдлээс болж Монгол Улс одоогоор таван тонн алт алдаад байна гэв
  • Яривал олон зүйл байгаа. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдлын асуудал ч бий

Хуваарийн дагуу 2020 оны Монгол улсын мөнгөний бодлогыг хэлэлцэх нэгдсэн чуулганы хуралдаан Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан буруутныг олох “байцаалт” болон хувирав. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гишүүдийн асуултад хариулахдаа Монгол улс саарал жагсаалтад орсон нь улстөрчдийн хэлээд байгаа шиг банкуудаас болоогүйг тодорхой хэлэв. Харин гадаад харилцааны асуудал, Монголд хөрөнгөө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол бас нөлөөлсөн гэж хэлсэн нь анхаарал татах асуудал байв. Н.Баяртсайхан “Сая FATF-ын хурлаар гурван улс саарал жагсаалтад орлоо. Нэг нь Исланд. Исландыг саарал жагсаалтад оруулахгүй гэж Скандиновын орнууд, Европын холбооны маш олон улс тэмцэж, зүтгэж ажиллалаа. Хоёрдугаарт Пакистаныг саарал жагсаалтад оруулах уу, хар жагсаалтад оруулах уу гэдэг асуудлыг ярилцаж байгаад сааралд нь үлдээсэн. Пакистаныг цээжээрээ хамгаалсан улс мөн маш олон байсан. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Үүн дээр маш том дүгнэлт хийх цаг нь болсон. Энэ асуудлын цаана гадаад харилцааны асуудал гарч ирсэн. Ер нь Монгол улс саарал жагсаалтад орсон асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой, тэндээс маш тодорхой чиглэл гарах ёстой гэж үзэж байна. Яривал олон зүйл байгаа. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдлын асуудал ч бий. Энэ бүгдийг нээлттэй шууд яриад байж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яръя. Эсвэл УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар нөхцөл байдлыг хэлье. Байдал ийм болчихоод байхад амиа аргацаах гэсэн үйл ажиллагаа явж байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ чинь улс орны хувь заяа, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ” гэв.
Уг хуралдааны үеэр гишүүдийн тавьсан асуултад Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэрхэн хариулсныг тоймлон хүргэе
 -О.Содбилэг: -Монгол улс саарал жагсаалтад орсон нь арилжааны банкуудад хийсэн шалгалттай ямар холбоотой юм бэ. Мөн УИХ-аар “Оюутолгой”-н асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас тус компанийн зүгээс саарал жагсаалтад оруулахад нөлөөлсөн гэх яриа гарч байна.
-Н.Баяртсайхан: -Хөтөлбөрийн хүрээнд банкуудад Активын чанарын үнэлгээ хийлгэхэд 514 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор 436 тэрбум төгрөгийг зургаан банк нэмэгдүүлж, даалгаврыг биелүүлсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй нэг банк байсан нь Капитал. Монголбанкнаас арга хэмжээ авч, эрх хүлээн авагч томилж, татан буулгаж байгааг зарласан. Өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан шалгах аудитын шалгалтын дүнг 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголбанкинд ирүүлсэн. Саарал жагсаалтад орсон нь банкуудаас болоогүйг тодорхой хэлэв Харин Монгол улсыг саарал жагсаалтад оруулах асуудал наймдугаар сард Бангкокт болсон FATF-ын бүс нутаг хариуцсан бүлгийн хурлаар манай тайланг хэлэлцсэн. Улмаар түүнээс гарсан үр дүнг сая Парист болсон FATF-ын нэгдсэн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тэгэхээр энэ хоёр асуудал цаг хугацаа болон агуулгын хувьд ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Олон улсын мөнгө угаах, терроризимын эсрэг тэмцдэг FATF-ын өгсөн дөрвөн зөвлөмж банкуудтай холбоогүй. Харин саарал жагсаалтыг Оюутолгойн үйл ажиллагаатай холбон ярьж байгааг би сайн мэдэхгүй байна. Ямар хүмүүс ийм учиртай яриа гаргасныг мэдэхгүй.
-О.Баасанхүү: -FATF-ын хурлаар манай ЖДҮ-чин гишүүдийг ярьж байна уу?
-Н.Баяртсайхан: -Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байдаг. Банкууд сэжигтэй гүйлгээ бүрээ Санхүүгийн мэдээллийн албанд хүргэдэг. Санхүүгийн мэдээллийн алба тагнуул, шүүх, хууль сахиулах байгууллагуудад хүргэдэг. Олон улсын байгууллагууд манай дотоод амьдралд болж байгаа мэдээллийг сошиал орчноос их авч, түүгээрээ дүгнэлт гаргадаг юм билээ. Тиймээс бид энэ асуудалд анхаарах ёстой болжээ.
Б.Пүрэвдорж: -Монголбанк өнгөрсөн онд Монголын ААН, иргэдээс хэчнээн тонн алт худалдаж авсан бэ? -А.Энхжин: (Монголбанкны нөө­цийн удирдлага, санхүүгийн газрын захирал) Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан байна. Харин энэ оны аравдугаар сарын 24-ны өдөр 12.2 тонн үнэт металл худалдан авсан байгаа. Өнгөрсөн оны өдийд бид 17 тонн алт ААН, иргэдээс худалдан авсан байсан. Тэгэхээр өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад алт тушаалт таван тонноор буюу 30 хувиар буурсан байна. -Д.Сумьяабазар: -Өнөөдөр бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлээгүй байж чадан ядан явж байгаа банк санхүүгийн системээ шүүмжилж байгаа нь буруу. Хөрөнгийн зах зээлээ босгож, банкны салбартайгаа балансжуулаад явбал санхүүгийн зах зээл эрүүлжинэ. Ингэхгүйгээр банкны зээлийн хүүг хүчээр бууруулах асуудыг хүчээр оруулбал зах зээлээ л савлуулна. Ийм хүнд нөхцөлд төв банкны удирдлагууд амаргүй ажиллаж байгааг гишүүд болон холбогдох хүмүүс зөв ойлгоорой. Алтны нөөцтэй холбоотой асуудлыг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам санаачлан оруулсан. Алтны татварыг 2.5 хувь дээр байлгаад өгөөч, нэмбэл бид 20-30 хувиар тушаалтаа алдах гэж байгааг хэлсэн. Өнөөдөр бодит байдал яг л тийм байна. Өмнөх оны мөн үед 18 тонныг авч байсан бол өнөөдөр 12 тонн байна. Бид зургаан тонныг алдсан байна. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн болоод улсын хилээр гарч байна. Хил гаалийн шалгалтыг сайжруулж, чангатгаж, давхар хуулийн төсөл өргөн бариад, гаргаж байгаа алтны хэмжээгээ хянадаг байх ёстой гэдгийг олон удаа хэлсэн. Алтны татвар 2.5 хувиараа байсан бол алт тушаалтын нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт биелэх боломж байсан. Тиймээс Монголбанкны удирдлагуудтай ярилцаж байж хуулийн төсөл оруулсан. Аль нэгэн компанид бид лоббидуулаагүй, улсынхаа нийтлэг эрх ашгийг, улсынхаа валютын нөөцийг бодсон. Тэр хуулийг дэмжээгүй гишүүдэд тоо баримттайгаар чуулган дээр дахин сануулж, нэртэй нь зарлана. Ингэж улсаа хохироож болохгүй. Улсаасаа олборлож байгаа алтаа бид барин тавин алдаж байна. Яг үнэн чанартаа цаана нь хулгайч нарыг дэмжиж байгаа хэрэг. Дээр нь бид “Оюутолгой”-н асуудалд болгоомжтой хандах ёстой.
-Ж.Энхбаяр: -Сая саарал жагсаалтад оруулсан асуудал нь манай улсыг дүгнэж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудаас өгсөн үнэлгээ боллоо шүү дээ. Тодорхой бодлогын асуудлыг тодорхойлж шийдэх ямар арга зам байна вэ. Нэг хүн хариуцлага хүлээ гээд шийдэгдэх асуудал юм уу?
-Н.Баяртсайхан: -Миний хувьд саарал жагсаалтын асуудлаар хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ УИХ-ын даргад мэдэгдсэн. Надад ажил, албан тушаалтайгаа зууралдаад сууя гэсэн бодол алга. Ийнхүү асуулт, хариулт үргэлжилсний дараа гишүүд горимын санал оруулж, асуудлыг ирэх долоо хоногт хаалттай хуралдаанаар ярихаар болов. Харин 2020 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.


САНАЛ БОЛГОХ