Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН 100 хувийн саналаар батлав

Улс төр


  • Ардчилсан нам хулхидуулж, Ардын нам “хүчиндэв”

Монгол Улсын түү­хэнд тэмдэглэг­дэх том үйл явдал өчигдөр тохиов. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-­ын 62 гишүүний санаачилгаар өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэ­лэлцүүлгийг хийж баталсан нь энэ удаагийн парламентын хамгийн том амжилт болов. Гуравдугаар хэлэлцүүлгийн гол зорилго АН-­аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцэх, хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан 10 гаруй заалтын эцсийн най­руулгыг хийж эцэслэн батлах байв. Үдээс өмнө парламент Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрчлөл­тийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн юм. Энэ хуу­лийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хэлэл­цэхийг зарим гишүүн буруу гэж үзсэн. АН-­ын зөвлөлийн даргаД.Эрдэнэбат дагаж мөрдөх журмыг хэлэлцэхээс өмнө “Ямар заалт 57 гишүүний босго давахыг мэдээгүй байж нийцүү­лэх журмаа батлах гэж байгаа нь алдаатай” гэж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг түрүүнд нь хийх горимын санал гаргасан боловч МАН-­ын гишүүд дэмжээгүй юм. Улмаар Д.Эрдэнэбат нарын гаргасан УИХ­-ын сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх заалтыг дэмжих боломжгүй гэж үзэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.Дараа нь УИХ­-ын гишүүд гурав­дугаар хэлэлцүүлэгт шилжсэн. Эхэнд нь зөвшилцлийн хүрээнд АН­-аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцсэн бөгөөд Ерөн­хий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох заалтын талаар хэлэлцсэн гишүүдийн дийлэнх олонхоор дэмжсэн ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ­-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хоёр санал 57 гишүүний босго давж чадсангүй. Уг нь сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг МАН­-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригч гишүүд байр сууриасаа буцав. Энэ нь АН­-ын хувьд мэхлүүлсэн явдал болсон бөгөөд АН­-ын зөвлөлийн дарга ч ийм байдал гаргасан эрх баригчдад гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө АН хичээсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд орох бүхий л санал дээр хамтарч ажиллан та бүхэнд итгэж найдаж байсан. Харамсалтай нь АН­-аас гаргасан зарчмын гурван саналын хоёрыг нь дэмжсэнгүй. Зөвшилцлийн үр дүн гарсангүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм доголон байдлаар баталж болохгүй. Тиймээс энэ мөчөөс эхлэн АН-­ын зөвлөл, зөвшилцөл болон гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдье” гэсэн юм. Харин АН­-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг батлах ажлыг та нар үнэхээр гурилдаж байна. Унасан саналаа хурууны хээ унших төхөөрөмжид чихээд босгож баталж байна. Энэ хурууны хээгээр санал хураах төхөөрөмж зүгээр ажиллаж байгааг АН-­ын жигүүрт суусан гишүүд нэг ч удаа тийм асуудал гараагүйгээс харж болно. Өнөөдөр нэр хүнд нь унасан УИХ­-аар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ярьсаар л байгаа. Өнөөдөр Үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт чинь Ховд аймгийн захын суманд байгаа иргэний амьдралд нөлөөлөхгүй. Та нарын өнөөдөр тогтоосон сонгуулийн хэлбэр, тоглоомын дүрмээр чинь 2020 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамт хариугаа өгнө гэдгийг хэлье” хэмээн гомдлын үг чулуудаад гарч одов. АН-­ын зөвлөлийг ийн хэлэл­цүүлгээс гарснаа мэдэгдсэний дараа МАХН­-ын гишүүн О.Баасан­хүү “Үндсэн хуульд намын үүргийг “улсын хэмжээнд бодлого хэрэг­жүүлж ажиллана” гэсэн заалт орлоо. Уг нь намыг Үндсэн хуульд болон хөгжлийн бодлогод нийц­сэн үйл ажиллагаа явуулна гэж тусгаж болох байсан. Би ийм санал гаргасан ч хүлээж авсангүй. Тиймээс би ч бас гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “АН энэ удаа молигодууллаа. Хамгийн харамсалтай нь анхнаасаа МАН­-д хулхидуулна даа гэж АН­-д хэлж байсан ч үгэнд ороогүй” хэмээн эрх баригчдыг “хатгачихаад” чуулганы танхимаас гарсан юм.Үүний дараа УИХ­ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан заалт болон зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүд 57­-гоос дээш санал өгснөөр гурав ду­гаар хэлэлцүүлгийг дуусгасан юм. Ингэснээр АН Үндсэн хууль батлах үйл явцад цэвэр хулхидуулж МАН гишүүдийн олонхоор нэмэлт өөрчлөлтийг “хүчиндэв”. Гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд спикер Г.Занданшатар энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгаж буй зүйл, заалтыг цэг, таслал алгасалгүй уншиж танилцуулсан. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал, Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор УИХ баталж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах, хариуцлага алдсан шүүгчийг огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах сахилгын хороог байгуулах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах, УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа огцруулах эрх олгох, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь парламентын гишүүн байж болохыг зөвшөөрсөн заалт орлоо. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-­ын гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан тохиолдолд парламентаар гурав хоногийн дотор хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэр гаргаж байхаар болов. Мөн Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн сүүлийн таван жил эх орондоо оршин суусан иргэнийг нэг удаад зургаан жилээр сонгоно.Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-­ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар мөрдөхийг төгсгөлд нь тусгажээ. Гишүүд санал өгсний дараа УИХ-­ын дарга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан, гурван шатны хэлэлцүүлэгт бэлтгэсэн, зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон, саналаа өгсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлж, чуулганы танхим алга ташилтаар мялаав. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталсныг тохиолдуулан Төрийн дуулал эгшиглэж гишүүд алга ташин баяр хүргэлээ. Хуралдааны төгсгөлд УИХ­-ын дарга нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулснаар УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор 36 удаа, 105 цаг хэлэлцэж, дөрвөн сарын хөдөлмөр зарцуулсан түүхэн үйл явдлыг ард гарснаа зарлав.

САНАЛ БОЛГОХ