Баталгаагүй орлоготой төсөв хямрал даллах вий

Түүхий эд


Төсвийн өндөр алдагдлыг Засгийн газар татвараа нэмснээр нөхөхөөр шийджээ


Төсвийн зарлага өндөр байх хэрээр хяналт суларч, татварын мөнгө үнэгүйдэх эрсдэл тэр хэрээр бий болдог. Өөрөөр хэлбэл, зарлага өндөр байх тусам төсвийн хулгай гаарч, авлигыг өөгшүүлдэг. 2020 оны төсөв энэ шинжийг агуулсан бөгөөд орлогын эх үүсвэр нь эрсдэл дагуулж байна. Тухайлбал, байхгүй орлогыг тооцсон нь төсвийг тодотгол руу хөтөлнө.

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГТ ТУЛГАРЧ БУЙ ӨНДӨР ДҮНТЭЙ ӨРИЙН ДАРАМТ, ЭРДЭС ТҮҮХИЙ ЭДИЙН САЛБАРТ ТОХИОЖ МЭДЭХ ҮНИЙН ЭЭЛЖИТ УНАЛТ, ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛ ЭНЭ БҮХНИЙГ ҮЛ ХАРГАЛЗСАН 2020 ОНЫ ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ 13.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БАТАЛСАН

Ирэх жилийн улсын төсвийн орлого энэ оныхоос 1.8 их наяд төгрөгөөр илүү буюу 11.7 их наяд байхаар УИХ баталсан. Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр орлого, зарлагатай төсвийг эрх баригч Засгийн газар 2020 онд хэрэгжүүлнэ. Алдагдал нь ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх сонгуулийн жилийн төсөвт 42 сая тонн нүүрс экспортод гаргаж, 1.5 их наяд төгрөг олохоор тусгасан. Ийм хэмжээний нүүрсийг гаалийн шинэчлэл хийж борлуулахаар Сангийн сайд төлөвлөсөн билээ. Гэвч өмнөд хөрш манай улсаас дээрх хэмжээний нүүрс жилд авна гэсэн хоёр талын албан ёсны гэрээ, хэлцэл алга. Тэрчлэн зах зээлийн төлөв сайнгүй төдийгүй Хятадын нүүрсний зах зээлд ОХУ, Австрали хүч түрэн орж ирснээр өрсөлдөөн улам ширүүсэж буй. Улсын төсөвт уул уурхайгаас бүрдэх орлогыг хэтэрхий өөдрөг тооцсон нь эдийн засагт багагүй хүндрэл дагуулахаар байна. Сонгуульд хэт их ач холбогдол өгч буй засаг төр төсвөөр дамжуулан эдийн засгаа сөхрүүлэх хэмжээний төсөв батлуулсан нь хямрал даллах боллоо. БНХАУ нүүрсний импортоо жил ирэх тусам танаж байгаа. Энэ жил гэхэд 300 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар шийдсэнтэй зэрэгцээд манай улсын нүүрсний гол боомтуудын экспорт буурч эхэллээ. Тодруулбал, Гашуун-сухайт боомтоор гарч байгаа нүүрсний автомашины тоо энэ сард өдөрт 700 болж, өнгөрсөн сартай харьцуулахад 40 гаруй хувиар буурлаа. Тиймээс төсвийн орлогын эх үүсвэр тодорхойгүй байна. Уул уурхайн салбар ирэх оны төсвийн орлогын 3.2 их наяд төгрөгийг бүрдүүлэх ёстой. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг эзэлж байгаа. Хэрвээ нүүрсний экспорт 42 сая тоннд хүрэхгүй бол, тонн тутам нь 75.5 ам.доллараас буурвал төсвийн орлого сох дутах нь гарцаагүй. Ингэснээр төсвийн хоёр их наяд давсан одоогийн алдагдал нэмэгдэж, өрийн дарамт тэр хэрээр тэлнэ. Гэвч алдагдлыг нөхөх хамгийн амар хялбар арга эрх баригчдын хувьд татвар болсон. Татварын дарамтыг ирэх онд энэ онынхтой харьцуулахад үлэмж нэмж байгаа. Тэр тусмаа аж ахуйн нэгж, хувь хүний халаас руу эрх баригчид татварын шинэчлэл нэрээр гараа дүрэхээр шийдсэн. Тэгэхээр хувийн хэвшил улам зүдрэх жил айсуй. Дээр дурдсан уул уурхайн орлогын 1.3 их наядыг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс бүрдүүлэх юм. Үүний 670 тэрбум төгрөгийг нүүрсний салбараас олох ёстой. Гэвч төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр дутах эрсдэл хэдийн бүрдчихээд байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явцад Засгийн газар, УИХ хуулийн баримт бичигт хайнга хандсаны улмаас 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрөх эрх зүйн чадамжгүй болсон. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд гарсан алдааг илрүүлж, уул уурхайн салбарын толгой хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аж ахуйн нэгжүүд төлөхөөргүй болсон билээ. Гэтэл төсвийн орлогод дээрх 1.3 их наядыг байгаа мэтээр тооцсон нь алдагдал ахин тэлэхэд хүргэв. Үүнээс үүдэн Засгийн газар дахин Ашигт малт малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн ч Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санал нийлэхгүй зөрчилдөөн үүсээд буй. Эдийн засагт тулгарч буй өндөр дүнтэй өрийн дарамт, валютын ханшийн эрсдэл зэрэг нүүрлэсэн байхад эдгээрийг үл харгалзан төсвийн зарлагыг 13.8 их наяд төгрөг байхаар УИХ ба талсан. Энэ нь манай улсын ДНБ-ий 50 хувьтай тэнцэх мөнгө. Нэг жилд ийм их мөнгийг эдийн засагт оруулах эрхийг Засгийн газар УИХ-аас авсан ч хэрэгжих боломжгүйгээс тодотгол яригдахаар байна. Үүний цаана сөрөг үр дагавар асар их байгааг эдийн засагчид анхааруулсаар. Хамгийн наад зах нь, валютын ханшийг хөөрөгдөх, улмаар улсын өр нэмэгдэх эрсдэлийг төсөв өөртөө агуулжээ. Төсвийн зарлага өндөр байх хэрээр хяналт суларч, татварын мөнгө үнэгүйдэх эрсдэл тэр хэрээр бий болдог. Өөрөөр хэлбэл, зарлага өндөр байх тусам төсвийн хулгай гарч, авлигыг өөгшүүлдэг.


САНАЛ БОЛГОХ