Бизнесийн орчин дордохын хэрээр хувийн хэвшлийн өр нэмэгдлээ

Онцлох нийтлэлүүд
  • Гадаад өр жилийн хугацаанд хоёр тэрбум ам.доллар буюу 7.3 хувиар өсжээ
  • Том төсөл хөтөлбөрийг урт хугацаанд санхүүжүүлэх санхүүгийн байгууллага алга байна

Өрийн статистик үзүүлэлт шинэчлэгдэн гарлаа. Улсын нийт гадаад өр 29.9 тэрбум ам.доллар болжээ. 2019 оны есдүгээр сарын байдлаар Үндэсний статистикийн хороо тооцож гаргасан нь энэ. Жилийн дотор хоёр тэрбум ам.доллар буюу 7.3 хувиар ийнхүү гадаад өр цэвэр дүнгээрээ өсжээ. Салбараар нь авч үзвэл, төлбөр эзэлж байна. Энэ нь хамгийн их хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Харин Засгийн газрын өр 7.4 тэрбум ам.доллараар удаалж байна. Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр төлбөр 2.2 тэрбум ам.доллар бол төв банкных 1.9 тэрбум ам.долларт хүрчээ. Ирэх оны наймдугаар сард Хятадын Ардын банктай байгуулсан төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа дуусгавар болж буй. Энэ нь төгрөгт хөрвүүлэхэд 5.8 их наяд буюу манай улсын төсвийн талаас илүүтэй тэнцэх мөнгө. Төв банк Ардын банкнаас 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх юань авч хэрэглэсэн бөгөөд дээрх гэрээг дахин гурван жилээр сунгах асуудлыг манай талаас тавиад буй. Гэхдээ гэрээг сунгах хэлэлцээ эхэлсэн боловч хоёр тал эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинээс хувийн хэвшлийн өр төлбөр яагаад нэмэгдсэнийг тодруулахад, “Одоогийн байгаа өр төлбөрийн хэмжээг хэвийн гэж харж байна. Дотоодын санхүүгийн зах зээлийн эх үүсвэр хомс, хугацаа богино, хүү өндөр байгаа учраас хувийн хэвшлийнхэн яах аргагүй гаднын санхүүжилт авахад хүрч байна. Хэрэв дотоодод энэхүү нөөц боломж нь байсан бол заавал валютын зээл гаднаас авах гээд байх шаардлага байхгүй. Ам.долларын ханшийн өсөлт эргээд хувийн хэвшлийн өр төлбөрт эрсдэл дагуулж байгаа юу гэвэл тийм. Гэхдээ хувийн хэвшил томоохон дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд үүнд шаардлагатай санхүүжилт дотоодоос босгох боломжгүй, үүнийг олгох хэмжээний санхүүгийн боломжтой байгууллага манайд байхгүй байна” гэв. Засгийн газрын нийт өр мөнгөн дүнгээр 22.7 их наяд төгрөг бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөг буюу 5.9 хувиар өсжээ. Үүнээс гадаад өр төлбөр 19.3 их наяд төгрөг буюу нийт өрийн 85.1 хувийг эзэлж байна. Үлдсэн нь дотоод өр аж. Задалж харвал, Засгийн газар 1.1 их наяд төгрөгийн өрийн баталгаа гаргажээ. Мөн барих шилжүүлэх төрлийн концесст 0.9 их наяд төгрөгийн өр төлбөр байна. Гадаад өрийн хэмжээ мөнгөн дүнгээр нэмэгдэхэд төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар даваа гарагт 2727 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлт тасралтгүй үргэлжилсээр байгаа нь энэ. Хэрэв ам.долларын ханш ийнхүү өссөөр байвал манай улсын олон улсад төлөх Засгийн газрын болон хувийн хэвшлийн өр төлбөр улам нэмэгдэхээр байгаа юм. Дийлэнх аж ахуйн нэгж орлогоо төгрөгөөр олж байгаа учраас хувийн хэвшилд ам.долларын ханш хамгийн том сорилт төдийгүй Засгийн газарт ч ялгаагүй дарамт болж байна. Хувийн хэвшилд хамаарах өр төлбөр буюу компани хоорондын зээллэг энэ оны есдүгээр сарын байдлаар нийт гадаад өрийн 32.9 хувийг эзэлж буйг дээр дурдсан. Тэгвэл жилийн өмнөх үетэй харьцуулахад хувийн хэвшлийн өрийн хэмжээ ялимгүй буурсан боловч ам.долларын ханшийн өсөлт өр нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн олон улсын зах зээлээс дахин санхүүжилт татах боломж бизнест улам хумигдсан байна. Тодруулбал, Монгол Улсын бизнесийн орчин тогтворгүй болж, Дэлхийн банкны судалгаагаар бизнесийн орчны индекс 2018 онтой харьцуулахад долоон байраар эрс ухарч, 190 орноос 81 дүгээрт жагссан нь хөрөнгө оруулагчдын болон олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэг авахад хүнд болжээ. Засгийн газрын гадаад өр төлбөр өндөр, улсын зээлжих зэрэглэл сайжрахгүй байгаагаас гадна саарал жагсаалт руу манай улс орсон нь хувийн хэвшлийн гадаад санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлж байна. Хэдий хувийн хэвшил засаглал сайтай, хэрэгжүүлж буй төсөл нь эдийн засгийн үр ашигтай боловч улсынх нь зээлжих зэрэглэл, засаглал тааруу, авлигын хэмжээ өндөр байхын хэрээр гадаад санхүүжилт үнэтэй болж байна.


САНАЛ БОЛГОХ