Зэсийн ханш мөддөө сэргэхгүй нь
- Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ
- Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байн
Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн дэгдэлт таваарын зах зээлд гэнэтийн эрсдэл дуудлаа. Зэс гэхэд сүүлийн 14 хоногт тасралтгүй буурч, тонн нь 5641 ам.доллар болоод байна. “Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс, нүүрс эзэлдэг. Энэ утгаараа зэсийн үнийн уналт төсөв болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр өгүүлсэн юм. Энэ оны улсын төсөвт зэсийн ханшийг ихээхэн өөдрөг буюу 5991 ам.доллар гэж төсөөлсөн. Ингэснээр 1.1 их наяд төгрөг зөвхөн зэсийн борлуулалтаас олохоор болсон юм. Гэвч зэсийн ханш цаашид ч үргэлжлэн буурахаар байгаа нь сангийн бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болж мэдэхээр байна. Дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн дийлэнх хэсэг өмнөд хөршөөс хамаардаг. Ийм нөхцөлд худалдааны зөрчлөөс гадна шинэ төрлийн вирусийн дэгдэлт улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүйг Citigroup анхаа руулсан юм. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их өөрчлөлт ажиглагдах болов. Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн нэг нь зэс. 2020 оны төсвийн орлого 11.7 их наяд төгрөг бөгөөд таваарын зах зээлийн уналтыг харгалзан Засгийн газар өөрсдийн хэрэгжүүлэх төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг Н.Энхбаяр эдийн засагч анхааруулсан юм. Төсвийн орлого дээрх нөхцөл байдлаас үүдэн нэгэнт бүрдэхгүй нь тодорхой болж байгаа энэ эгзэгтэй үед эх баригчид зардлаа танахаас өөр аргагүй болох нь. Хэрэв тодотгол хийхгүй, зардлаа 13.8 их наяд төгрөгт хэвээр үлдээвэл төсвийн алдагдал улам тэлэхээр байна. УИХ 2020 оны төсвийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай баталсан. Зэсийн ханш суларсаар байгаа нөхцөлд хоёр их наяд төгрөгийн алдагдал дахин нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн зэсийн үнэ болон хэрэглээний хэмжээг өсгөж буй гол орон бол БНХАУ. Харамсалтай нь шинэ төрлийн вирусийн тархалтаас болж өмнөд хөршийн эдийн засаг суларч байна. Олон улсын худалдааны эргэлт саарч, эрдэс түүхий эдийн эрэлт буурч, үнэ нь уруудсаар. Дэлхийн зах зээл дээрх металлын ханшийн уналт биржийн үнэ ханшид хүртэл давхар, давхар нөлөөлж байна. Өдгөө Хятадын биржүүд 2008 оны хямралын түвшинд хүрээд буй. Зах зээлийн ийм таагүй байдал зэсийн олборлолт эрхэлдэг компаниудад хүндээр тусахаар байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ. Зэсийн үнэгүйдэл “Эрдэнэт” болон “Оюутолгой”-н 2020 оны орлого 2019 оныхоос буурахад нөлөөлөх нь дамжиггүй. Ил уурхайгаасаа олборлолт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа эрчимтэй урагшлуулах “Оюутолгой” компанийн хувьд зэсийн ханшийн уналт, ирэх сонгуулийн өмнөх улс төрийн эрсдэл хамгийн том даваа болохоор байна. Тус компани өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 28.4 мянган тонн зэс олборлосон. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар бага үзүүлэлт юм. Харин зах зээлийн үнэ улам суларсаар байвал олборлолт болон борлуулалтын орлого багасна гэсэн үг. Ил уурхайн баяжмал дахь зэсийн агууламж буурч байгаа энэ үед зэсийн ханш доошилсон нь уг төслийн үйл ажиллагааны зардлыг мөн тэлэхээр байна. Манай улс өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.79 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгвэл энэ онд зэсийн орлого буурах магадлал улам нэмэгдсээр. Зэсийн ханш 6000 ам.доллараас доош орсноор баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэг уурхайнуудын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй