Бодлогын хүүг бууруулахаас өмнө валютын ханшийн эрсдлийг мартаж болохгүй
ЗГМ: Сэдэв
Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлын товоо наашлуулж, ойрын хугацаанд төлөвлөж байна. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг бууруулах саналыг хэлэлцүүлнэ гэж төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Бодлогын хүү одоогийн 11 хувь дээр сүүлийн хоёр жилийн турш хадгалагдаж байна. Мөнгөний бодлогыг зөөлрүүлэхэд төгрөгтэй харьцах гадаад валютын ханш хамгийн том сорилт төдийгүй бодит эрсдэлд тооцогдох боллоо.
Г.Бумчимэг Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, судлаач:
Эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой байдлыг харгалзаж үзэх нь чухал
-Дэлхий нийтээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мөнгөний бодлогыг эргэн харж байна. Эдийн засгийн өсөлтөө дэмжих үүднээс зарим нь бодлогын хүүгээ бууруулах шийдвэр хүртэл гаргаж эхэллээ. Манай улсын хувьд мөн адил эдийн засгийн идэвхжил ялимгүй саарах, тэр хэрээр өсөлт агших эрсдэл тохиож болзошгүй байна. Хэдий тийм боловч төсөв алдагдалтай, гадаад өрийн хэмжээ өндөр, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед бодлогын хүүг огцом бууруулах нь эрсдэлтэй. Тиймээс бодлогын хүүг бууруулах саналыг Мөнгөний бодлогын хороо нухацтай хэлэлцэх болов уу. Мөнгөний бодлогыг тэлэх орон зай бага байгаа энэ үед эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой байдлыг харгалзаж үзэх нь чухал. Тухайлбал, төгрөгийн ханш. Хэдий манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн гэх боловч эдийн засагт учрах валютын ханшийн дарамт өндөр байгааг тооцож байж шийдвэр гаргах ёстой.
Р.Шинэгэрэл Эдийн засагч:
Хувийн хэвшлээ дэмжих үүднээс бодлогын хүүг бууруулах нь зөв
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй, тэр тусмаа хувийн хэвшил багагүй сорилттой нүүр тулж байна. Ийм үед бодлогын хүүг бууруулах нь зөв. Гэхдээ тэдэн хувиар бууруулах нь тийм, ийм үр дүн авчирна гэдгийг шууд хэлэх боломжгүй. Тодорхой судалгаа, шинжилгээг холбогдох байгууллага наана нь сайтар хийнэ гэж бодож байна. Бодлогын хүүг бууруулснаар гарах эерэг үр дүнг дурдвал, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хэрэглээг дэмжинэ. Энэ нь эдийн засаг эргэн сэргэхэд нөлөөлнө. Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ирэх зээлийн хүүгийн ачаалал буурч, дарамт багасна. Тодруулбал, төв банкны үнэт цаасанд байршуулсан мөнгөний хэмжээ багасаж, түүнээс суларсан мөнгө эргэлтэд орно. Сөрөг тал гэвэл, валютын ханшийг алдах эрсдэл байгаа. Тиймээс мөнгөний бодлогыг зөөлрүүлбэл ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй. Төсөв хэт тэлэлттэй байгаа нь мөнгөний бодлогын орон зайг хумьж байна.
Б.Лакшми ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирал:
Бодлогын хүүг бууруулах нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй
-Эдийн засгийн орчин нөхцөл тодорхой бус байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах нь оновчтой, үр дүнтэй шийдэл биш. Тэр тусмаа эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэхэд хүндрэлтэй. Эерэг гэхээс илүү сөрөг үр дагавар хамгийн их харагдаж байна. Тухайлбал, инфляцын эрсдэлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Хэдий инфляц төв банкны зорилтот түвшнээс бага мэт боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өрх бүрийн амьжиргаанд нөлөөлж, мэдрэгдэж эхэллээ. Үүнээс гадна төгрөгтэй харьцах ам.долларын ханш эдийн засгийн бодит эрсдэл хэвээр байна. Тиймээс бодлогын хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих нь цагаа олсон арга хэмжээ гэж дүгнэх нь өрөөсгөл. Түүнчлэн гадаад өрийн дарамт өндөр эрсдэлтэй хэвээр байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй