Зэсийн уналт төсвийн алдагдлыг тэллээ

ЗГМ: Сэдэв


  • Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн нэг болох зэсийн ханш огцом уруудсан нь өмнөх таамгуудыг өөрчиллөө
  • Манай улсын хувьд ялгаагүй 2020 оны төсвөө тодотгох, зардлаа танах, илүү хэмнэлтийн горимд шилжих учиртайг эдийн засагч нар сануулсаар буй. Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий хоёр их наяд төгрөгтэй тэнцэж буй
  • 11.7 их наяд орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж хумигдаж байгаа тул хамгийн багадаа зардлаа хоёр их наядаар танах хэрэгтэй гэж эдийн засагч Н.Энхбаяр ярьсан юм. 2020 оны төсвийн зардал 13.8 их наяд төгрөг. Эрх баригчид үрэлгэн зардлаа танаж байж хүндрэлийг давах боломжтой

Дэлхийн эдийн засагт "доктор" гэж нэрлэдэг зэсийн үнэ 5660-5700 ам.долларт хэлбэлзэж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд 26 хувиар буураад байгаа нь энэ. 2020 оныг тогтуун өсөлтөөр угтсан шаргал металлын ханш шинэ төрлийн вирусийн уршгаар ийнхүү үлэмж суларсан билээ. Bloomberg-ийн мэдээлснээр, зэсийн ханш гуравдугаар сар гарснаас хойш ялимгүй тогтворжиж, дахин сэргэх, бага зэргийн өсөлт ажиглагдаж эхэлсэн. Гэвч манай улсын энэ оны төсөвт тусгасан дүнгээс 200 гаруй ам.доллараар “хямдарлаа”. Лондоны металлын биржид лхагва гарагийн байдлаар тонн зэс 5668 ам.долларт хүрсэн нь нийлүүлэгчдэд эерэг дохио болов. Хэдий тийм боловч таваарын зах зээлийг шинжээчид тааварлахад улам бэрх болж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн нэг болох зэсийн ханш огцом уруудсан нь өмнөх таамгуудыг орвонгоор нь өөрчилж орхив. Зэсийн ханшийн хэлбэлзсээр байгаа нь өндөр өртөгтэй уурхайнуудад хүндхэн тусах шинжтэй. Шаргал металлын ханш 6000 ам.долларт хүрэхгүй, үүнээс дор байгаа нь баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэг уурхайнуудын нөхцөл байдал хүндрэх шалтгаан болох нь. БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн сард тун базаахгүй гарсан нь зэсийн ирээдүйг бүүдийлгэж эхэллээ. Өмнөд хөршийн аж үйлдвэрлэлийн гарц болон бөөний худалдааны борлуулалт буурсан нь зэсийн үнэ уруудахад нэрмээс болж байна. Гэхдээ оны хоёрдугаар улиралд Хятадын зэсийн хэрэглээ нэмэгддэг үе. Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Засгийн газар нь дэмжихээ илэрхийлж, эдийн засгийн өсөлтөө услахаар төлөвлөж байгаагаас үзэхэд зэсийн бууралт богино хугацаанд үргэлжлэх, улмаар тус таваарын үнэ дахин сэргэх төлөв цухалзаж байгаа юм. Дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг урд хөрш дангаар бүрдүүлж байгаагаас харахад эрэлт талдаа хэдий өндөр байх тусам төдий чинээ үнэ тогтвортой байх магадлалтай. АНУ болон Евро бүсийн аж үйлдвэрийн өсөлтөөс илүүтэйгээр БНХАУ болон Японы аж үйлдвэрийн өсөлт зэсийн үнэ өсөхөд томоохон дэмжлэг болох юм. Өсөлт нь удааширч буй өмнөд хөршийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт мөн зэсийн “хувь заяа”-г цаашид тодорхойлох учиртай. Зэсийн томоохон экспортлогч болох Чили, Филиппин, Индонезийн нийлүүлэлтийн өсөлт эрэлтийг дагаад саарсан. Эдгээр орон зах зээлийн нөхцөл байдлыг харзнасан, тэр тусмаа өмнөд хөршийг ажигласан хэвээр. Зэсийн ханш одоогийн түвшнээс дордсоор байвал манай улсын сангийн бодлого тодорхойлогчид таваарын зах зээлийн уналттай холбогдуулан төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тул гарахаар байна. 2020 оны төсөвт уул уурхайн салбараас 2.7 орчим их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Үүний 1.1 их наядыг зэсийн баяжмал бүрдүүлэх ба тонн зэсийг 5991 ам.доллараар тооцоолсон. Гэтэл төсөвт тусгасан зах зээлийн ханшаас зэсийн үнэ уруудсаар байгаа. Энэ нь 2020 оны төсвийн алдагдлыг тэллээ.
САНАЛ БОЛГОХ