Монголын бизнес коронавирусийн өмнө өвдөг сөхөрч байна

ЗГМ: Сэдэв


  • Судалгаанд оролцогчдын 14.5 хувь нь эргэлтийн хөрөнгөний хомсдолд орсон бол 8.8 хувь нь түүхий эдийн нийлүүлэлт доголдсоноос болж үйлдвэрлэл нь тасалджээ
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхой бус байдал үүссэн тул барилга, аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, үйлчилгээ, тээврийн салбарын аж ахуй нэгжид Covid-19 вирус хамгийн их сөрөг нөлөө үзүүлжээ

Шинэ төрлийн вирусийн уршгаар эдийн засгийн идэвх энэ он гарснаас хойш эрс саарч буй. Хувийн хэвшлийг төлөөлөх Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим 1100 гаруй аж ахуйн нэгжээс уг вирус бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ. Үүнээс харахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна. Бизнест тулгарч буй гол хүндрэлд зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуйн нэгжүүдийн 66 хувь нь хариулсан ба түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал есөн хувь, санхүүгийн эх үүсвэр гэж гурван хувь нь хариулжээ. Covid-19 вирусийн тархалт дэлхий нийтийг хамарсан энэ үед эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналыг МҮХАҮТ танилцуулсан юм. Эдийн засгийг удирдах таван саналд макро эдийн засгийг тогтвортой байлгах, бизнест үзүүлж буй сөрөг нөлөөллийг саармагжуулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авалт, хэрэглээг дэмжих, хүнсний гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах тухай дурджээ. Дээрх судалгаанд оролцогчдын 14.5 хувь нь эргэлтийн хөрөнгөний хомсдолд орсон бол 8.8 хувь нь түүхий эдийн нийлүүлэлт доголдсоноос болж үйлдвэрлэл нь тасалджээ. Бараа, үйлчилгээний эрэлт 50 гаруй хувиар буурсан төдийгүй бөөний болон жижиглэн худалдааны салбар зогсонги байдалд оржээ. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхой бус байдал үүссэн тул барилга, аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, үйлчилгээ, тээврийн салбарын аж ахуйн нэгжид Covid-19 вирус хамгийн их сөрөг нөлөө үзүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын салбарын энэ оны захиалгууд цуцлагдаж эхэлснээр тус салбарт ихээхэн бүрхэг жил болох төлөв ажиглагдаж эхэллээ. Боловсролын салбар мөн адил шинэ төрлийн вирусийн уршгаар хамгийн их хохирол амсжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эдийн засаг өнгөрсөн онд 5.1 хувиар өссөн. Энэхүү өсөлтөд барилга, үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй голлох үүрэгтэй байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байна. Тухайлбал, барилга, үйлчилгээ, уул уурхайн салбарт шинэ төрлийн вирусийн үзүүлэх нөлөө өндөр байгаа тул Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк манай улсын энэ оны ДНБ-ий өсөлтийн таамаглалаа дахин шинэчлэхээ мэдэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 103.3 сая ам.долларын ашигтай гарч байсан. Тэгвэл энэ оны эхний сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн сард ч мөн гадаад худалдааны алдагдал нэмэгдэхээр байна. Худалдааны алдагдал нэмэгдсээр байвал бид төлбөрийн тэнцлийн хямралтай нүүр тулна гэсэн үг. Хөл хорио тогтоосноос үүдэн үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан ахуйн нэгжүүдэд төрийн нэг удаагийн дэмжлэг, туслалцаа нэн шаардлагатай байгааг Улаанбаатар хотын худалдааны танхим болон МҮХАҮТ онцолсон. 1100 аж ахуйн нэгж хамрагдсан судалгаанаас харахад, үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн аж ахуйн нэгжийн албан татварыг хойшлуулах, хөнгөлөх дэмжлэг үзүүлэх саналыг бизнесийнхэн хамгийн их гаргасан байна.

САНАЛ БОЛГОХ