“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад $1.2-1.3 тэрбум зарцуулна

ЗГМ: Сэдэв


  • Гүний уурхайн бүтээн байгуулалтад 2019 онд 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна
  • 2020 онд "Оюутолгой" компани нийт 140-170 мянган зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна
Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компани 2019 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани COVID-19-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гаргаж байсан юм. COVID-19-ийн халдвартай холбогдуулан зардал, төлөвлөгөөнд ямар өөрчлөлт орох талаар тодорхойлох боломжгүй байна гэж “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources 2019 оны санхүүгийн тайландаа дурдлаа. COVID-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор хөл хөдөлгөөн хязгаарласны улмаас III, IV босоо амны ажил удааширч магадгүй гэж үзэж байгаа аж. Харин “Оюутолгой”-ийн зэсийн баяжмалын экспорт боомтуудын хөл хориог үл харгалзан хэвийн үргэлжилж байна. Хэдий тийм боловч хэмжээний хувьд буурсан талаар “Оюутолгой” мэдээлсэн юм. Энэ нь халдваргүйжүүлэлт, ариутгалын ажилтай холбоотой байж болох аж. 2019 онд баяжмал дахь зэсийн гарц төлөвлөгөөний хүрээнд 146,346 тонн болжээ. Харин баяжмал дахь алтны гарц төлөвлөгөөнөөс давж, 241,840 унц болсон байна. Улмаар 2019 онд “Оюутолгой” компанийн орлого 1.2 хувиар буурч, 1.2 тэрбум ам.доллар болжээ. 2019 онд нийт үйл ажиллагааны зардал 774.5 сая ам.доллар болсон нь 2018 оныхоос 5.2 хувиар буурсан дүн юм. Үүнд бага агууламжтай баяжмал борлуулж, борлуулалтын орлого буурсан болон баяжуулах үйлдвэрийн засварын ажлын өртөг буурсан зэрэг нөлөөлжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 2019 онд 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2019 оны эцэс гэхэд бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх хөрөнгийн үлдэгдэл 1.7 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн үлдэгдэл 0.5 тэрбум ам.доллар үлдсэн гэдгийг Turquoise Hill Resources компани тайлагналаа. 2019 онд бүтээн байгуулалт талаасаа хамгийн онцлох зүйл нь гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссан явдал гэж хөрөнгө оруулагч тал үзэж байгаа юм. 2020 онд “Оюутолгой” компани нийт 140-170 мянган зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна. Мөн 2020 онд нийт хөрөнгийн зардал ил уурхайд 80-120 сая ам.доллар, гүний уурхайд 1.2-1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах Таван толгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Нийт санхүүжилт нь 924 сая ам.доллар гэж тусгажээ. Түүнчлэн уурхайн нөхцөл байдлаас хамаарч гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлт 1.2-1.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай болж магадгүй байгаа юм. Эдгээртэй холбоотойгоор нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа гэдгийг тус компани мэдээлжээ.
САНАЛ БОЛГОХ