“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

ЗГМ: Сэдэв


  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг
Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна.
САНАЛ БОЛГОХ