Самурай хавчны түүх ба байгалийн зохиомол шалгарал

UB Info

"Бүдэг цэнхэр цэг дээрх амьдралын үүсэл хөгжлийн симфониос хэсэг фьюг ярьж өгье л дөө.

1185 оны үед Японы эзэнт гүрний хаан 7 настай Антокү гэх хөвгүүн байлаа. Гэнжи гэх самурай овогтой урт удаан хугацааны цуст тэмцэл өрнүүлэгч Хейке гэх самурайн овгийн удирдагч байлаа тэр. Овгууд эзэнт гүрний удирдлагыг гартаа авахын төлөө өөрсдийгөө нотлохоор ана мана үзэлцдэг байв. Тэдний шийдвэрлэх тулаан 1185 оны 4 сарын 24-нд Данно Ура гэх байршилд - далайд - хөлөг дээр удирдагч нь байх үед өрнөжээ. Хейке овгийн хүн хүч бага, тулааны стратегиараа сул байлаа. Олон ч амь эрстэв. Амьд үлдэгсэд өөрсдийгөө далайд живүүлж байлаа. Хааны эмээ - Хатагтай Нии ач хүүтэйгээ дайсанд олзлогдохгүй хэмээн шийдэв. Цааш юу тохиолдсоныг "Хейке-н домог"-т өгүүлдэг:

"Тэр жил хаан 7 настай байсан боловч наснаасаа арай хөгшин харагддаг байлаа. Нурууг нь даган асгарах урт хар үснээс нь туяа цацарч байна уу гэлтэй үзэсгэлэнт хөвгүүн байсан юм. Царайнаас нь гайхшрал, сандрал давхцан тодорсон тэрээр Хатагтай Нийгээс "Намайг хааш авч явна вэ?" гэж асуув.

Хатагтай хацар даган урсах нулимстайгаа залуу хаан руу эргэн... аргадаж, урт үсийг нь тагтаан өнгөтэй уяагаараа боолоо. Залуу хаан нулимсаар хорвоог харахтай зэрэгцэн хоёр үзэсгэлэнт бяцхан гараа нийлүүлэв. Хүү эхлээд зүүн зүгт харж Исэ-н бурхантай, дараа нь баруунтаа харж нэгэнтээ Нэмбүцү-г (Амида Будда-н тарни) давтан салах ёс гүйцэтгэлээ. Хатагтай Ний хөвгүүнийг гартаа чанга тэврэн "Далайн аугаа гүн өөрөө бидний ордон" гэх үгсийг шивнээд давлагаатай цуг замхран одов оо..."

Хейке овгийн хөлөг онгоцнууд ташраараа сүйтгэгджээ.Тус овгоос 43 эмэгтэй л амьд үлдэв. Эдгээр эмэгтэйчүүд дайтсан газрын ойролцоох загасчдад тусалж, цэцэг зарах үүрэгтэй хоцров. Хейкечууд бараг л түүхээс арчигдлаа. Гэвч загасчид болон дээрх эмэгтэйчүүдийн үр удам уг дайныг сануулж байх үүднээс нэгэн төрлийн зан үйл зохиодог болжээ. Өнөөг хүртэл тэмдэглэгдсээр буй уг наадам нь 4-р сарын 24-ий өдөр тохиодог. Хейкечуудын залгамж халаа болсон эдгээр загасчид уг өдөр тааран хувцас, хар толгойн зүүсгэлээр гоёж, далайд уусан одсон хааны бунхан байрлах Акама шүтээндээ ёслох бөгөөд тэндээ Данно-Ура дахь тулааны сэдэвтэй жүжиг үздэг байна. Хүмүүс хэдэн зуун өнгөрсөний дараа ч цус, ялагдал, доромжлолоор бохирдож орхисон далайг ариутгая хэмээн хүчлэн чармайх самурайн армийн "сүнс" ялгарч танигддагт үнэмшиж байжээ.

Загасчид одоог хүртэл Хейке самурай далайн гүнд нэгэн хавчны дүрээр тэнүүчилсээр яваа гэлцдэг. Учир юунд вэ гэвэл эдгээр хавчнууд нуруундаа өнөө самурайг дүрсэлсэн туйлын хачирхалтай тэмдэглэгээтэй ажээ. Эл хавчнуудыг загасчид барилаа гэхэд өнөө Данно-Ура дахь уйтай тулалдааныг санаад зууш болголгүй өнгөрөөдөг байв.

Тэгвэл дээрх домог бидэнд нэг "сайхан" асуудал хөндөж өгч байгаа юм. Нэгэн дайчны царай яахаараа хавчны хуяг дээр сийлэгдэж үлдсэн байна вэ? Хариулт нь хүмүүний үйлдэлд л оршиж байх шиг. Хавчны хуяг дээрх хэв өв залгамжлагдсан. Гэхдээ хавчнуудын хувьд, хүнийхтэй ижлээр уламжлалын үй олон салаа зураас бий.

Бодоод үзье л дээ. Ямар нэг тохиолдлоор уг хавчны өвөг дээдэс дунд хүний царайтай бага ч болов төстэй нэгэн хавч төрчхөж л дээ. Данно-Ура дахь тулалдаанаас ч өмнө, загасчид ийм төрлийн хавчийг дурамжхан иддэг байсан байж болно. Тухайн үеэс л хувьслын үйл явцыг эхлүүлчихсэнээ яаж мэдэх вэ дээ: Чи хавч байлаа гэж бодоход хуяг дээрээ элдэв тэмдэггүй бол хүмүүс чамайг идэх болно. Чиний удамшил нэг их урт удаан үргэлжлэхгүй болов уу. Хэрэв чиний хуяг дээрх хэв хүний царайтай төстэй бол хүмүүс чамайг далай руу буцаагаад шидэж орхино. Үр удмаа үлдээсээр байх сайхан боломж. Ингээд он, жил өнгөрөх тусам хүний царайтай биш, бүр япон хүний ч царайтай биш, яг л үрчийж, догширсон самурайн царайтай төстэй хэв бүхий хавчнууд төрөхөөс л эхлэн самурайн төрхийг хамгийн тод томруун илтгэх хавч бүрийн амьд үлдэх боломж нь давуу болж ирсэн юм. Эдгээр зүйлсэд хавчны юу хүсэх огтоос ч хамаагүй. Шалгарал гаднын нөлөөтэй байдаг. Самурайтай төстэй харагдах тусам амьд үлдэх боломж чинь ихэснэ. Улмаар самурай-хавчнуудын тоо үлэмж ихсэх болно.

Уг явцыг байгалийн зохиомол шалгарал гэнэ. Хейке хавчны тухайд загасчдын зориудын бус үйлдлээр, хавчнуудын ямар ч гойд төлөвлөгөөгүйгээр үүсчихсэн нь гарцаагүй биз. Гэвч хүмүүс мянга, мянган жилийн туршид аль ургамал, амьтныг "амьдруулахаа", алиныг нь үхүүлэхээ зугуухан сонгож байдаг аж. Бид одоо ферм болон гэрийн тэжээвэр амьтад, жимс ногоо, цэцэгс модоор хүрээлүүлжээ. Тэд хаанаас үүсчхэв ээ? Тэд нэгэн цагт зэрлэг байгальд амьдарч байснаа фермийн амьтан болохоор сэтгэл шулуудан ирсэн хэрэг үү? Үгүй дээ. ҮНЭН ялимгүй этгээд.Тэднийг, ихэнхийг нь, бид бүтээсэн юм."

- Карл Саган, "Cosmos" номын 24-26-р тал. Мөн эрхэм Саган гуайн Cosmos нэвтрүүлгийн хэсгийг үзнэ үү.

Зураг: My Canadian Girlfriend хамтлагийн Shogun цомгийн пянзны савлагааны доторх

САНАЛ БОЛГОХ