Коронавирус нүүдлийн шувуудаар зөөвөрлөгдөж, халдварлах боломжгүй

ЗГМ: Сэдэв

Сүүлийн үед коронавирусийн халдвар нүүдлийн шувуудаар дамжин, зөөвөрлөгдөх магадлалтай гэсэн мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр албан ёсны тайлбар өглөө. Тэрбээр “Сүүлийн үед болж буй асуудалтай холбоотойгоор хүмүүс нүүдлийн шувуудын талаар сонирхох нь эрс нэмэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж вирусийн халдвар гарах нь нэмэгдсэн. Шувууны ханиад гарсны дараа дэлхий даяар шувууны томуугийн судалгаа эрчимжиж, манай улс энэ судалгаанд том хувь нэмэр оруулсан. SARS, MERS зэрэг халдварт өвчнүүд гарч байсан эрсдэлийг үгүйсгэхгүй. Өвчин гарсны дараа шуугих биш урьдчилан сэргийлэх нь чухал болоод байна. COVID-19 вирус нүүдлийн шувуудаар дамжин зөөвөрлөгдөж байна гэсэн мэдээлэл одоогоор батлагдаагүй” хэмээлээ. Эрдэмтдийн үзэж буйгаар шинээр болон сэргэж буй халдварт өвчний тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Монгол Улсад дэлхийн гурван том нүүдлийн замаас шувууд ирдэг бөгөөд Өмнөд Африк, Австрали, Өмнөд Азиас манай оронд ирэхээс гадна ОХУ болон Еврод руу дамжин өнгөрдөг байна. Одоогийн байдлаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв 1000 орчим шувуудад төхөөрөмж суулгаж, байршилд нь мониторинг хийдэг аж. Тус байгууллага технологийн дэвшил ашиглаж, 40 зүйлийн 900 гаруй шувууны шилжилт хөдөлгөөний мэдээллийг тогтмол бүртгэж байгаа юм.

САНАЛ БОЛГОХ