$42 саяын зам зургаан сар бололгүй хэмхэрч эхлэв үү?

ЗГМ: Сэдэв


  • 100 жилийн баталгаа өгсөн замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын эргэн тойрон эхнээсээ эвдэрч, бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
  • Энэ онд нийслэлийн зургаан дүүрэгт 45 мянган м.кв замд нөхөөс, 110 мянган м.кв заадас хийж, засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн боловч засвар үйлчилгээ өнөөг хүртэл эхлээгүй байна
  • Дарь-Эхээс сансар чиглэлийн засмал зам хаа сайгүй асфальтан хучилт нь арилж, энхэл донхол болжээ. Энэ замаар зорчиж буй жолооч нар хурдаа хасаж, нүх сүвийг тойрох гэсээр хөдөлгөөнд ачаалал үүсгэж, осол аваар гарах нөхцөл болжээ Улсын
  • Ерөнхий прокурорын газрын судалгаагаар зам засвар, арчлалтыг цаг хугацаанд нь дүрмийн дагуу хийж, осол, зөрчил гарахгүй байх нөхцөл бүрдүүлэхгүй байгаа нь тогтоогдсон
Шинэ гүүрний бүтээн байгуулалт таг зогсож, эхнээсээ эвдэрч эхэллээ 

Агаарын температур +10 хэмээс дээш гарч, урин цаг ирснийг илтгэнэ. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд нэмэх хэмийн дулаантай хэдхэн сар бүтээн байгуулалтын оргил үе байдаг. Өөрөөр хэлбэл, алдаж болохгүй алтан мөч. Гэвч нийслэл Улаанбаатар хот энэ үеийг ашиглахгүй, усан оргилуур мэтийг “шахсан” шиг иргэдийн дургүйцэлтэй нүүр тулж байна. Гэтэл эвдэрч хэмхэрсэн, энхэл донхол болсон зам хаа сайгүй. Өнгөрсөн онд, сүр дуулиантай нээлтээ хийсэн замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц гэхэд бүтээн байгуулалтын ажил нь удааширч, таг гацжээ. Эргэн тойрон дахь туслах замууд нь зургаахан сар ч бололгүй эхнээсээ эвдэрч, ан цав үүссэн харагдана. 42 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй тус төсөл хэзээ эхлэх талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас тодруулахад “Вирусийн тархалттай холбоотойгоор ажил түр зогссон. Гүйцэтгэгч компани БНХАУ-ын харьяа учир хэзээ эхлэх тодорхой мэдээлэл алга” хэмээв. Ийнхүү өндөр үнэтэй, өр тавин байж барьж буй гүүр бүрэн баригдахаа хүлээж байх зуур, эргэн тойрноосоо эвдэрч эхэлжээ. 


Дарь-Эхийн зам шороон зам болжээ

Манай сурвалжлах баг цааш Дарь-Эхийг зорив. Дарь-Эхээс Сансар чиглэлийн засмал зам асфальтан хучилт нь арилж, энхэл донхол болжээ. Энэ замаар зорчиж буй жолооч нар хурдаа хасаж, нүх сүвийг тойрох гэсээр хөдөлгөөнд ачаалал үүсгэж, осол аваар гарах нөхцөл болж байна. Тус чиглэлд зорчиж явсан Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Г.Батнасан “ Эртхэн зам засварын ажлаа эхлүүлмээр юм. Энэ хавийн зам машинтай явахын эцэсгүй болсон. Өдөр бүр явдаг хүмүүс хөрөнгө мөнгө, цаг заваараа хохирч байна. Шороон замаас ч дор эвдэрсэн тул жолооч нар машин тэргээрээ хохирч байна шүү дээ. Жил бүр л зам засаж, нөхөөс хийдэг. Анхнаасаа чанартай зам барьж, арчилгаа хийвэл ийм асуудлыг шийдэх боломжтой санагдах юм. Зөвхөн энэ хавь гэлтгүй Офицер, Халдварт, Нарны зам гээд Улаанбаатарт хаа сайгүй засвар үйлчилгээ хийх, арчлах шаардлагатай олон зам байна” хэмээн ярилаа. Үнэхээр Улаанбаатарын замд жолооч нар бухимдаж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тодорхой. Нэг үгээр хэлэхэд, Дарь-Эхийн зам засвар хийж, нөхөөс тавих биш шинээр барих хэмжээнд болтлоо эвдэрчээ. Мөн Хангай хотхоны баруун талын замын хашлагуудыг тонож, ан цав үүсэж, шороо чулуу холилдож харагдана. Хатуухан хэлэхэд, 2016 оноос хойш нийслэлийг удирдсан эрхмүүд Улаанбаатарын замыг хөсөр хаясан тул анхаарал тавих “эзэн”, эвдэрч хэмхэрснийг нь засаж сайжруулах сэтгэл ч алга. Зарим жолооч эвдэрхий замтайгаа хэдийн эвлэрсэн бололтой.

Замаа засах гэж дуншсаар байтал борооны улирал эхлэх нь

Энэ онд нийслэлийн зургаан дүүрэгт 45 мянган м.кв замд нөхөөс, 110 мянган м.кв замд заадас хийж, засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн юм билээ. Энэ төлөвлөгөө хэзээнээс хэрэгжих талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас тодруулахад “Бэлтгэл ажил эхэлсэн. Удахгүй засаж эхэлнэ” гэх. Төсөв нь батлагдаж, аль эрт гүйцэтгэгчээ сонгосон атлаа өнөөг хүртэл засаж эхлэхгүй байгааг гайхаад барахгүй. Бэлтгэл ажлаа өвөлжин, хаваржин хийсээр байтал удахгүй борооны улирал эхэлж, ус зайлуулах хоолойгүй, угийн арчилгаа тордлогоо муутай, эвдэрч гүйцсэн зам нь сэхэл авахгүй хэмжээнд аль хэдийн хүрээд байна. Мэдээж байгаль дэлхий хураа хайрлавал жилийн жилд хойш сууж сурсан эрхмүүд “Технологийн горим зөрчигдөх учраас нойтон зам засаж болохгүй” хэмээн шалтаг хэлэх нь тодорхой. Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт”-ийн талаарх судалгаа хийхэд замын засвар, арчлалтыг цаг хугацаанд нь дүрмийн дагуу хийж, зам тээврийн осол, зөрчил гарахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй байгаа нь тогтоогдсон. Авто замын тухай хуулийн дагуу авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахын сацуу авто замын арчлалт, урсгал засвар, ээлжит засвар, их засвар зэргийг тогтмол хийх үүрэгтэй. Энэхүү үүрэг нь зорчигч болон жолооч нар авто замын хөдөлгөөнд аюулгүй оролцож, хамгийн багадаа нэг жилийн турш байгаль цаг уурын нөхцөл болон бусад хүчин зүйлээс үл хамааран эвдрэл гэмтэлгүй зам ашиглах үндэс болох ёстой юм. Ургасан модоо тайрах, сугалах, нураах ажлаа хурдан хийдэг шигээ иргэдийн эд хөрөнгө, амь настай холбогддог авто замыг даруйхан засаж эхэлмээр байна. Дэлхийн хэмжээнд нэг жилд гарч байгаа авто ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс шалтгаалдаг гэж үздэг. Нөгөөтэйгүүр, хотын захирагч өнгөрсөн жил замын татварыг тав дахин нэмэгдүүлэхээр муйхарлан зүтгэхэд нь Ерөнхий сайд хориглож, жолооч нарын нар гийсэн билээ. Тэр үед эрхэм хотын даргын замын бүтээн байгуулалт хийх боломжгүй гэж хатуурхсаны горыг улаанбаатарчууд энэ жил амсах эсэхийг цаг хугацаа харуулах буй за.
САНАЛ БОЛГОХ