Кофе шопын зах зээлийг COVID-19 “салгалуулж” байна

ЗГМ: Сэдэв
  • Tom N Toms : Хэрэв нөхцөл байдал удаан үргэлжилбэл зарим салбараа татан буулгана. Орлого энгийн үеийнхээс хоёр дахин буурсан

Нийслэлд 200 гаруй орчим кафе үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний 70 гаруй хувийг кофе шоп эзэлдэг. Эдгээр аж, ахуй нэгжид COVID-19 ямар нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл бэлтгэхээр кофе шопуудыг зорилоо. Цайны цагаар хүн бужигнаж байдаг кофе зардаг үйлчилгээний төвүүд эл, хуль байв. Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг учир оффисын ажилчдын хөл тасардаггүй байсан ч хоёрдугаар сараас хойш үйлчлүүлэгч татарч, орлого муудсаныг орсон газар бүрийн бариста хэлж байлаа. Tom N Toms кофе шопын гүйцэтгэх захирал Г.Даваа “Манай компани нийслэлд 30 орчим салбартай. Нэг салбарт 6-8 бариста ажилладаг. Хавар, зун, намар үйлчлүүлэгч ихтэй байдаг учир оюутан, сурагчдыг цагаар ажиллуулдаг юм. Гэтэл хоёрдугаар сараас хойш хүмүүс үйлчлүүлэх нь багассан болохоор зарим ажилчдаа цомхотгоход хүрсэн. Ихэнх салбар байраа түрээсэлдэг учир түрээсээ төлөхөд амаргүй л байна. Хэрэв нөхцөл байдал удаан үргэлжилбэл зарим салбараа татан буулгана. Орлого энгийн үеийнхээс хоёр дахин буурсан” гэлээ. Дээрх асуудал франчайзинг компанид ч, жижиг кофе шопуудын өмнө ч тулгарч, компаниуд үйл ажиллагаагаа доголдуулахгүйн тулд орон тооны цомхотгол хийж, ажилчиддаа ээлжийн амралтыг нь олгож байна. Coffee Planet кофе шопын бизнес хөгжлийн мэргэжилтэн Б.Эрдэнэсувд “Коронавирусийн тухай сураг гарснаас хойш кофе шопоор үйлчлүүлдэг хүний тоо эрс буурсан. Бараг хоёр дахин багассан байх. Харин дөрөвдүгээр сараас худалдан авалт арай нэмэгдсэн. Хавар болоод, цаг агаар дулаарсантай холбоотой байх. Гэхдээ өмнө жилийнхтэй харилцан адилгүй л дээ. Манай компани одоогоор орон тооны цомхотгол хийгээгүй. Гэхдээ үйл ажиллагаагаа дөрвөн долоо хоног зогсоогоод, саяхнаас л үйлчилгээ үзүүлж эхэлсэн” гэсэн юм. Кофе шопын орлого буурсан нь оффисын ажилчдын ажлын цаг багасаж, зайнаас ажиллах болсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн оюутан, сурагчдын хичээл орохгүй байгаа болохоор хөл хөдөлгөөн багассан талаар бизнес эрхлэгчид онцолж байлаа. Хөл хорио тогтоосноос хойш хэчнээн аж, ахуй нэгж татан буугдсан талаар НМХЕГ-аас тодруулахад 2020 оны нэгдсэн тоо хараахан гараагүй байна гэсэн хариулт өгсөн юм.
САНАЛ БОЛГОХ