Коронавирус илэрмэгц маск нь гэрэлтэнэ

ЗГМ: Сэдэв


  • Дэлхийн улс орнууд халдвар илрүүлэх тестэд хугацаа алдаж буй төвөгтэй нөхцөлд халдвар тээгчийг шуурхай илрүүлэх хэрэглүүр чухал болж хувирлаа


Профессор Жим Коллинз шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас өмнө цар тахлын аюулд түгшиж явсан судлаачийн нэг юм. Массачусетсын технологийн их сургууль (МТИС) дахь түүний биоинженерчлэлийн лаборатори Эбола вирус илрүүлэх чадвартай сенсорыг 2014 оноос хөгжүүлж эхэлсэн ч судалгаа нь явцын дунд зогссон. МТИС болон Харвардын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг хожим нь 2016 онд өөрсдийн технологио Зика вирусийн эсрэг чиглүүлж өөрчилсөн судалгааныхаа тайланг хэвлэлд нийтэлжээ. Тус баг энэ удаа технологио коронавирусийн цар тахалд нийцүүлэн дахиад өөрчлөх шаардлагатай тулгарав. Коронавирусийн халдвартай хүн амьсгалах, ханиах, найтаахад гэрэлтдэг амны маскийг тэд хөгжүүлж байна. Хэрэглээнд амжилттай нэвтэрч чадвал энэхүү технологи биеийн халуун хэмжих зэрэг өвчин илрүүлэх бусад аргын дутагдлыг нөхөх юм.

“Нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчид онгоцонд суухаар дамжин өнгөрдөг транзит цэгүүдэд ийм технологи нэвтрүүлснээр үүсэх өөрчлөлтийг төсөөлөөд үз. Та бид ажилдаа ирж очих замдаа ийм маск хэрэглэж ч болно. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд хүлээж суугаа үйлчлүүлэгчдэд халдварын урьдчилсан тест байдлаар ийм маск зүүлгэж ч мөн болно” хэмээн Коллинз ярьж байна. Халдварын голомтод ажиллаж буй эмч нар өвчтөний сорилын дээжийг лабораторид илгээхийн оронд ийм маск ашиглаж ч болно. Дэлхийн улс орнууд халдвар илрүүлэх тестэд хугацаа алдаж буй төвөгтэй нөхцөлд халдвар тээгчийг шуурхай илрүүлэх хэрэглүүр чухал болж хувирлаа. Тэдний лабораторийн хүрээний төсөл дөнгөж эхэн шатандаа яваа ч эхний үр дүн маш сайн байгааг тэрбээр тайлбарласан юм.

Коллинз тэргүүтэй төслийн баг хөгжүүлж буй сенсороо сүүлийн хэдэн долоо хоногт хүний шүлсний дээжээс коронавирус илрүүлэх чадвартай болгон сайжруулахад чиглүүллээ. Сенсор бүхий хувийн хамгаалалтын хэрэгслийн хийц дизайныг ч янз бүрийн хувилбараар туршиж байна. Тус лаборатори сенсорыг маскны дотор талд байрлуулах, эсвэл нэмж болдог модул хэлбэртэй байх нь оновчтой эсэхийг хэлэлцэж байгаа юм. Сенсорын концепт загварыг ойрын хэдэн долоо хоногт багтаан нийтэд танилцуулахаар тус баг төлөвлөж байна. МТИС-ийн биоинженерчлэлийн лабораторийн хөгжүүлж буй сенсор 2018 оны байдлаар SARS, улаан бурхан, C гепатит зэрэг олон өвчний вирусийг илрүүлж чадсан юм. “Бид анх хямд төсөр цаас ашиглаж оношлох арга үүсгэхээр судалгаагаа эхэлсэн. Харин сенсор маань хуванцар, кварц, бөс даавуун дээр хүртэл ажиллаж байгаа” хэмээн профессор тайлбарлав. Сенсор нь вирусийн генийн ДНХ, РНХ материалаас бүрдэнэ. Эдгээр материалыг бас даавуунд тусгай аргаар хатааж хөлдөөгөөд “нэвчүүлдэг” нь тасалгааны агаарын хэмд хэдэн сарын турш “амьд” байх чадвартай. Шүлс, цэр зэргээр дамжих чийг уг сенсорыг өдөөж, улмаар коронавирусийн генийн дараалал сенсорт илрэх үед маск гэрэлтэх юм байна.
САНАЛ БОЛГОХ