Хуучин хувцсаар гангарах шинэ чиг хандлага

ЗГМ: Амьдрал


Бага мөнгөтэй хүмүүс л комиссоос хувцасладаг гэсэн ойлголтыг дэлхийн хэмжээний одууд хүртэл эвдээд буй

Хувцас хямдрах тутам түүнийг нэг удаагийн хэрэглээ гэж үздэг хүний тоо нэмэгдсэн хэрэг


Хуучин хувцасны буюу комиссын дэлгүүрээс хувцаслах жаахан ичгэвтэр мэт санагдах нь бий. Гэхдээ газар бүр, эсвэл хүн бүрд тийм биш. Аль ч нийгэмд оршдог хээнцэр, дэгжин зүйлд дуртай нөхөд хуучин мөртөө ховор загвар хийцтэй хувцасны хойноос хөөцөлддөг моод дэлгэрээд буй. Тэр нь мэдээж комиссын дэлгүүрээс олдох магадлал хамгийн их. Хувцасны түүхч Женифер Ли Зотт “Секондхэнд загварын түүх ба альтенатив эдийн засаг” номдоо “Хуучин цагт таны даашинз элэгдвэл үлдэгдлээр нь охиндоо хормогч хийж өгдөг байв. Бүр урагдвал дэр эсвэл буйдандаа чихэж болно” хэмээн бичжээ. Гэвч XIX зуун гараад дээр өгүүлсэн арвич хямгач байдал алга болсон нь хэд хэдэн хүндэтгэх шалтгаантай. Нэгдүгээрт, хотууд асар түргэн өргөжиж, Америкт олон цагаач нүүж ирэв. Хоёрт, аж үйлдвэрийн хувьсгал хэрэгжиж, хэрэглээний зүйлсийг үй олноор нь үйлдвэрлэх боломж нээгджээ. Хувцас хямдрах тутам түүнийг нэг удаагийн хэрэглээ гэж үздэг хүний тоо нэмэгдсэн хэрэг. Хотын хүн ам өсөхийн хэрээр амьдрах талбайн хэмжээ багасаж, илүү зүйлээ шууд хаядаг болжээ. Ийм нөхцөлд ломбард болон хуучин барааны дэлгүүрүүд үүссэн байна. Эхэндээ танихгүй хүний өмсөж байсан хувцсыг өмсөх туйлын ичгэвтэр байв. Үүнийг ядуурлын тэмдэг гэж үзэхийн сацуу хуучин хувцасны дэлгүүрийн эзнийг дорд үзэх хандлага ажиглагдана. Америкт комиссын барааг голдуу еврей цагаачид худалддаг байжээ. Saturday Evening Post сонины 1884 оны тавдугаар сарын гуравны дугаарт энэ сэдвээр хошин өгүүллэг нийтлэгдсэн нь одоо ч мартагдаагүй. Луиза нэртэй охин үдэшлэгт гоёж очихын тулд ганган даашинз хэрэгтэй болж гэнэ. Охин эцгээсээ мөнгө гуйсан боловч өгсөнгүй. Тэгэхээр нь халаасны мөнгөнөөсөө илүүчилсэн хуримтлалаа атгаад хуучин хувцас зардаг еврейн дэлгүүрт очжээ. Түүх гунигтайгаар төгсдөг. Луиза хуучин хувцастай хамт гэртээ салхин цэцгийн халдвар авчирч, гэрийнхэндээ халдаана. Улмаар хөршүүд нь юунаас өвчин тарсныг мэдэж, шившиг болоод дуусдаг. Иймэрхүү сөрөг үзэл бодлын хажуугаар зарим бизнес сэтгэлгээтэй хүмүүс бага төсөвтэй бизнес их ашиг авчирч болохыг таамаглажээ. Эхлээд The Salvation Army мэтийн христийн байгууллагууд хуучин хувцас худалдаж, олсон мөнгөөрөө сурталчилгаа хийх буюу өөрөөр хэлбэл сайн мэдээ түгээдэг байв. Энэ салбар өргөжихийн сацуу “хогийн дэлгүүр” гэдэг байсан нэр нь ч өөрчлөгдөж, “хэмнэлтийн дэлгүүр” гэгддэг болжээ. Аажмаар хүмүүсийн санаа бодол ч өөрчлөгдөв.
Харин дэлхийн хоёрдугаар дайны дараагаас чинээлэг худалдан авагчдад зориулсан селектив буюу сонголттой дэлгүүрүүд бий болсон байна. Энд хуучин ховор загварын хувцас худалдах агаад “от кютур” буюу цуутай загвар зохиогчийн нэрийн бүтээгдэхүүн олж авбал азтайд тооцогдоно. 1980-90 онуудад Европ, Америкт хиппи хэмээх дэд соёлын хөдөлгөөн өрнөж, залуус өөрийгөө илэрхийлэх шинэ арга зам хайж байсан цаг үед секондхэнд ихээхэн дэлгэрсэн түүхтэй. Түүнчлэн тухайн үед шүтээн болж байсан одууд чухал үүрэгтэй. Жишээ нь, Nirvan-ы Курт Кобейн тайзан дээр толбо болсон жинстэй, Converse-ийн хуучин шаахайтай, үрчгэр цамцтай, үс нь сэгсийсэн гарч ирдэг байсан юм. Тэрбээр ядуурсан Вашингтон муж улсаас гаралтай агаад түүнтэй адил хувь заяатай хүмүүс хэдэнзуун мянгаараа байсан хэрэг. Түүнийг дуурайх үзэгдэл тархаж, тэрслүү үзэл, хайш яаш хувцаслалт моодонд оржээ. Бага мөнгөтэй хүмүүс л комиссоос хувцасладаг гэсэн ойлголтыг дэлхийн хэмжээний одууд хүртэл эвдээд буй. Сая саяын орлоготой хэрнээ Холливудын жүжигчин Жулиа Робертс “ухаалаг шоппинг” хийх дуртай агаад хүүхдүүдээ ч үүнд сургаж байгаа гэдэг. Британийн топ модель Кейт Мосс хуучны хувцас шүтдэг нэгэн. Тэрээр дээдсийн үдэшлэг цугларалтад Лондоны хар захаас олж авсан хуучны “от кютур” загвараар гангаран ирэх нь ховор бус. Жүжигчин Вайнина Райдер Оскарын шагнал гардуулах ёслолд 10 ам.долларын хуучин даашинзтай ирснийг хэвлэлүүд шуугин бичсэн. Үүний зэрэгцээ хуучин эдлэл арилждаг зах дээрээс үнэхээр үнэ цэнтэй зүйл олдох нь бий. Хойд Каролины нэг эмэгтэй хар захаас 10 ам.доллараар авсан зургаа 34 мянгад хүргэн заржээ. Он жил өнгөрөх тусам хуучин эд зүйлийн дэлгүүрийн нэр хүнд өсөж буй агаад зарим хүн ядуусын хэрэглээ гэхээс илүү түүх, соёлын талаас нь хардаг болжээ.
САНАЛ БОЛГОХ