Гоолиг биеийн эд эс өөх тосыг илүү шатаадагийг нээв

ЗГМ: Сэдэв

Зарим хүнд байгалиас гоолиг, эрүүл чийрэг бие заяасан мэт санагддаг. Саяхан эрдэмтэд арьсан доорх торлог эдээр илүү их өөх тоос шатаалгадаг эсийг нээсэн байна. Британийн Колумбын их сургуулийн генетикч Йозеф Пеннингер “Зарим хүн дуртай бүхнээ иддэг боловч жин нэмдэггүйг бүгдээр мэднэ” хэмээв. Түүний ярьснаар ямар нэг хүч чармайлт гаргалгүйгээр гоолиг байдлаа хадгалдаг хүмүүст таргалалтын нууцыг тайлах түлхүүр байж магадгүй юм. Хүмүүс жингээ хэрхэн хянах талаар судалдаг эрдэмтэд гол төлөв өөхлөлтийг өдөөгч буюу жишээ нь хооллолт, бодисын солилцоо зэрэгт анхаардаг. Харин Эстонийн генетикийн төвийн цуглуулсан мэдээллийн санд тандалт хийж, хамгийн гоолиг хүмүүсийг хайж байгаа багийн ахлагч доктор Пеннингер “Эрдэмтэд зарим хүн угаас таргалдаггүйг жинхэнэ ёсоор судлаагүй. Иймээс бид тактикийг бүрэн өөрчилж, гоолиг байхын генетикийг судлахаар шийдсэн” хэмээн өгүүлжээ. Эрдэмтэд организм дахь өөхний эдийн агууламжийг өөрчилдөг хоолны дуршил алдагдах гэх мэт өвчтэй хүмүүсийг шууд жагсаалтаас хассан байна. Улмаар туранхай хүмүүсийн генетикийн тэмдэглэгээг хайжээ. Тэдний анхаарлыг мутаци нь хорт хавдар үүсгэдэг ALK хэмээх нэг ген татсан байна. Уг генийн хэвийн хэлбэрийн хэвийн ажиллагааг тодорхойлж амжаагүй байгаа тулд судлаачид ийм генийн мутаца агуулсан ялаа, хулгана гарган авчээ. ALK хүмүүсийн гоолиг байхын шалтгаан болдог бол ялаа, хулганад ч адил үйлчлэх ёстой. Үнэхээр ч тийм гэдгийг илрүүлсэн байна. Гэхдээ генийн мутац ялаа, хулганыг бага идэхэд түлхээгүй аж. Эрдэмтэд ALK ген тархинд үйлчилж, адил хэмжээний хоол идсэн ч хүний биед илүү калори шатаах тушаал өгдөг гэнэ.Өөрөөр хэлбэл, тархи арьсан доорх өөхний торлог эдэд хуримтлагдсан тосоо илүү шатаахыг тушаадаг гэсэн үг. Доктор Пеннингер цааш нь “Хүмүүс ба хулгана, бас ялаа туранхай хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, хувьслын явцад генетикийн энэ механизм шавжнаас хүнд дамжсан байж болох юм. Тэгвэл бидний өмнө гоолиг биеийн цоо шинэ эрин үе нээгдэнэ” хэмээн ярилаа. Орчин үед ALK генийн мутацийг дарж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг эм бүтээгдсэн байгаа. Энэ нь уг генд эмийн аргаар нөлөөлж болно гэсэн үг. Ийм учраас ALK-д нөлөөлснөөр гоолиг болгоход тусалдаг эм гарган авахыг үгүйсгэх аргагүй юм гэж Cell сэтгүүлд бичжээ.

САНАЛ БОЛГОХ