Компьютерын шинжлэх ухааны үндэслэгч Алан Тюринг

UB Info

Үзэн ядалт, уур хилэнгийн өөдөөс зөрүүлээд уур хилэн, үзэн ядалтаар хариулахгүй байх нь хамгийн их тэвчээр, зориг шаардсан үйлдэл гэж бодогддог юм. Өнөөдөр Монголын нийгэмд, ялангуяа бидний сонгосон төрийн албан тушаалтнууд ийм ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын мессежийг олон нийтэд түгээж байгаа нь тун харамсмаар.

Хүмүүс бид бүгд нэг нэгнээ хүндэлж, хайрлаж, хайрлахаа байг гэхэд зүгээр л хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас бусдад хэчнээн их зовлон шаналал бий болгодгийг өнгөрсөн хар бараан түүхүүдээс тодорхой харж болно. Тэдгээрийн нэг нь бидний сайн мэдэх Английн математикч Алан Тюрингийн харамсалтай түүх юм. 1912 онд Лондон хотод төрсөн Алан Тюринг нь сургуульдаа математик заалгахаасаа ч өмнө асар хүнд математикийн тооцооллыг цээжээрээ бодчихдог тийм л суут ухаантан байсан гэдэг. Их сургуульд сурч байхдаа харин тэрээр Тюринг машин буюу хамгийн анхны компьютерын тухай санааг бодож олсон гэдэг. Гэвч тэр зүгээр нэг сайн математикч байгаад зогсохгүй сайн инженер байсан байна.

Ийм ч учраас Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британийн засгийн газар нацист Германы Энигма машины кодыг тайлуулахаар Тюрингийг эгнээндээ элсүүлсэн байдаг. Тюринг харин Энигма машины хэзээ ч тайлагдах боломжгүй гэж боддог байсан кодыг тайлж чадах машин бүтээсэн бөгөөд үүний ачаар Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгийн олон Британийн цэргүүдийн амийг аварсан ч гэж үздэг. Гэвч суут математикч, дайны баатар Алан Тюрингийг тухайн үеийн нийгэм нь нэг л асуудлаар нь онилж харсан байдаг. Тэрээр ижил хүйстэн байхыг хуулиар хориглосон цаг үед гей хүн гэдгээ нуудаггүй байсан юм.

1952 онд тэрээр өөрийнхөө Тюринг машин дээр үндэслэн дараа дараагийн компьютерыг бүтээж байхдаа гэрт нь хулгай орсон байхыг анзаараад цагдаа дуудсан байна. Цагдаа нар ирээд түүнээс сэжиглэж байгаа хүн байгаа эсэхийг асуухад "Манай найз залуу байж магадгүй" гэж хэлснээс нь болоод түүнийг gross indecency (Монголоор бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах юм уу даа...) гэсэн гэмт хэрэгт татаж, нэг бол шоронд орох, эсвэл гормоны химийн эмчилгээтэй хавсарсан тэнсэн ял авах гэсэн хоёр сонголт өгсөн байна. Энэ "эмчилгээ" гэдэг нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй эд байсан бөгөөд ижил хүйстнээ сонирхох "өвчнөөс" нь салгахын тулд тухайн үед хийгддэг байж. Тюринг химийн эмчилгээтэй тэнсэн ялыг сонгож, тогтмол хугацаанд гормоны тариа тариулдаг болсон нь түүнийг хүнд хэлбэрийн сэтгэл гутралд оруулсан байдаг.

Ингээд агуу математикч, орчин үеийн компьютерын шинжлэх ухааны үндэслэгч Алан Тюринг 1954 онд цианидаар хордуулсан алим идэж харамсалтайгаар амиа хорлосон юм. Хэрэв тухайн үед ердөө л түүнийг бидэнтэй ижил хүн гэдгээр нь хараад, ийм шийтгэл хүлээлгээгүй бол Тюринг юуг бүтээж, ямар их зүйлийг амжуулах байсан бол гэж бодогддог юм. Хэрэв үүнийг уншиж байгаа танд тусламж хэрэгтэй байгаа бол ЛГБТ Төвийн чатаар холбогдоод, эсвэл ажлын цагаар 77110323 утас руу залгаад ганцаарчилсан уулзалт хийх боломжтой юм байна. Бүдэг цэнхэр цэг хуудасны багийнхан бүгд та нартаа хайртай шүү, хэзээ ч битгий өөрийгөө ганцаараа гэж бодоорой! 

Зургийг: Abbey Midanik

САНАЛ БОЛГОХ