Парисын хэлэлцээрийн тухай товч мэдээлэл

UB Info

Дэлхийн дундаж дулаан нь 1.5°С, 2.0°С эсвэл 3.0°С байна гэвэл хоорондоо айхавтар их ялгаагүй мэт харагдах ч үнэндээ ирээдүйд тэс ондоо нөхцөл байдлыг үүсгэх билээ. Дундаж дулаан нь эдгээрийн аль нэг байхаас хамааран байгалийн гамшиг тохиолдох давтамж, хэмжээ, ургамал болон бусад амьд организмын оршин тогтнож чадах эсэх, дэлхийн уур амьсгалын тогтвортой байдал болон... хүн төрөлхтөн нь энэ цэнхэр гараг дээр хэр удаан амьдарч болох эсэхийг шийддэг. Парисын хэлэлцээрийн үед тавигдсан зорилго болох дэлхийн дулаарлыг 1.5°С давуулахгүйгээр тогтоон хязгаарлавал ядаж л нэг хэсэгтээ тодорхой хугацаанд бид хэд гайгүй л амьдрах байх. Харин түүнээс дээш халаад эхэлбэл байгаль дэлхийн уур хилэгнэлийг шүүлтүүргүй мэдрэх аюултай билээ.  

Парисын хэлэлцээрийн тухай товч мэдээлэл: 

"Манай улсын хувьд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Парисын хэлэлцээр 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж гишүүн улсууд үндэсний тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, цаашид таван жил тутамд зорилтыг ахиулан тодорхойлж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. Энэхүү баримт бичгийн хүрээнд Монгол Улс үндэсний зорилтоо шинэчилж, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулахаар өмнө нь дэвшүүлсэн зорилтоо ахиулан тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг тодорхойлов. Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34,482.73 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаагийн 50.08 хувь нь эрчим хүч, 48.51 хувь нь хөдөө аж ахуй, 0.95 хувь нь аж үйлдвэр, үлдсэн 0.46 хувь нь хог хаягдлын салбараас ялгарч байна. Хэдийгээр манай улсын ялгаруулж буй хүлэмжийн хий нь дэлхийн нийт ялгаралд маш бага (0.09 хувь) хувийг эзэлж байгаа боловч, нэг хүнд ногдох болон ДНБ-нд ногдох хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас хэд дахин өндөр байна. Иймд, Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн гол салбаруудын тогтвортой хөгжлийг хангах, техник технологийг боловсронгуй болгох ерөнхий зорилттой уялдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна."

Эх сурвалж: НҮБ, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

САНАЛ БОЛГОХ