Нарнаас 'уягдсан' бүдэг цэнхэр цэгийнхэн, сонсоцгоо!

UB Info

Өнөөдөр та бидний хүндэлж явдаг эрхэм, шинжлэх ухааныг олон нийтэд түгээгч, одон орон судлаач, астрофизикч, астробиологич, зохиолч КАРЛ САГАН-ы төрсөн өдөр тохион өнгөрч байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх соёл иргэншлийг бүтээн байгуулагчид, нураан, дэвслэгчид, бүхий л зүрх зоригтнууд, аймхай хулчгарууд, хаад, хатад, эгэл даруу ажилтнууд, бүхий л дурлалт хосууд, ээж, аавууд, нялх үрс, зохион бүтээгч, аялан бэдэгчид болоод мянга мянган итгэл өвөртөлсөн шашин шүтлэг, үзэл суртал, сургаал, номлолуудыг түгээн дэлгэрүүлэгчид, эртний хүмүүс, анчид түүвэрлэгчдээс авахуулаад 'инфлүэнсэрүүд' хүртэл... БҮХ л төрж, одсон хүмүүс, түүхэн суутнууд, авилгач хээл хахуульчид, гэмт хэрэгтэн, башир аргатнууд, элдэв муу муухайг сэдэгчид хүртэл... БҮГД БҮДЭГ ЦЭНХЭР ЦЭГ дээр оршин байсныг бидэнд сануулсан энэхүү эрхмийн амьд ахуйдаа хийж асан шинжлэх ухааны холбогдолт үйл хэргийг бид мартах учиргүй билээ.

Өнөөдрийг (магадгүй өдөр өдөрт бага ч болов) шинжлэх ухаанаар амьсгалж өнгөрүүлээрэй! Космос цувралыг үзэж, шинжлэх ухааны сэдэвтэй ном уншин, элдвийг гайхаж биширч, хажуу дахь хүнээ дуудаж авчраад юмсын мөн чанарыг асууж ярилцаж, утга учрыг үүсгэн, дотор нь шумбаж өнгөрүүлээрэй! 

Бичвэр болон зургийн коллажийг: Админ Миш

САНАЛ БОЛГОХ