Сонирхолтой мэдээлэл

UB Info

Олон улсын одон орон судлаачдын баг Европын Өмнөд хэсгийн Ажиглалтын төвийн Маш Том Дуран (ESO-VLT)-г ашиглан  Далай ван гарагийн агаар мандлын температурыг 17 жилийн хугацаанд хянан судалсан байна.Тэд Далай вангийн температур буурсны дараа тус гарагийн өмнөд туйл эрс дулаарсныг олж мэджээ.

Дэлхийн нэгэн адил Далай ван нь нарыг тойрон эргэлдэх явцад улирлууд солигдож байдаг. Гэхдээ тус гараг дээр нэг улирал 40 орчим жил үргэлжилдэг бөгөөд Далай вангийн нэг жил дэлхийн 165 жилтэй тэнцдэг. 2005 оноос хойш тус гарагийн өмнөд хэсэгт зун болж байгаа бөгөөд одон орон судлаачид зуны туйл үе өнгөрсний дараагаар агаарын температур нь хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэхийг эрмэлзэж байв.

Одон орон судлаачид 17 жилийн хугацаанд авсан Далай вангийн 100 орчим дулааны-хэт улаан туяаны зургийг судалж, тус гарагийн температурын ерөнхий чиг хандлагыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү нарийвчлан нэгтгэсэн байна. Эдгээр тоо баримт нь  Далай вангийн агаар мандал өмнөд хагас дахь зуны эхэн үеээс хойш сүүлийн хорин жилийн хугацаанд аажим аажмаар хөрснийг харуулж байна. Далай вангийн дундаж температур 2003-2018 оны хооронд 8 хэмээр буурчээ. Харин сонирхол татаж буй хэсэг нь  2018-2020 оны хооронд хоёр жилийн хугацаанд агаарын температур 11 хэмээр огцом өссөн байна. Судлаачид Далай вангийн өмнөд туйл эрс дулаарсныг олж мэдээд ихэд гайхсан хэмээжээ

Энэ температурын өөрчлөлт маш гэнэтийн байсан тул одон орон судлаачид юунаас болж үүссэнийг хараахан тогтоогоогүй байна. Далай ван гарагийн стратосфер дахь химийн найрлагын өөрчлөлт, цаг агаарын тогтворгүй үзэгдэл, эсвэл нарны идэвхжлээс ч үүдэлтэй байж болно. Эрдэмтдийн баг ирэх жилүүдэд эдгээр хэлбэлзлийн шалтгааныг судлахын тулд илүү их ажиглалт хийх шаардлагатай гэж дүгнэжээ.

Эх сурвалж: phys.org

Зураг: NASA/JPL-Caltech/Kevin M. Gill

САНАЛ БОЛГОХ