"Эх  Дэлхийн" өдрийн мэнд, молекуулуудаа!

UB Info

Өнөөдрөөс эхлэн "Эх Дэлхийн" долоо хоног үргэлжилж байгааг дуулгахад таатай байна!

Хил хязгааргүй мэт үргэлжлэх огторгуйд хөвж яваа бүдэг цэнхэр гарагийн хүмүүс бид эх дэлхийтэйгээ хөрс, ус, агаараар нягт холбогдсон байдаг шүү дээ. Тиймээс энэ өдөр л бид эх дэлхийдээ талархах ёстой юм. 

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь эх дэлхий болон түүний оршин суугчдад томоохон аюулыг авчирсан. Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш богино хугацаанд, томоохон өөрчлөлтүүдийг авчирснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломжтой. 

2020 оны байдлаар аж үйлдвэржилтийн эринтэй харьцуулахад дэлхийн дундаж температур 1.2°С хэмээр дулаарсан. Энэхүү дундаж температурыг 2°С хэмээс хэтрүүлэхгүй байхаар олон улс зорьж байгаа. Хэрвээ 2°С эсвэл түүнээс дээш дулаарвал дэлхийн уур амьсгал сууриараа өөрчлөгдөнө гэж үздэг. Тэр үед бид юу ч хийх гэж оролдсон оройтсон байх бий гэж бодохоос ч аймаар. 

Тиймээс олон нийтээрээ эх дэлхийгээ аврахын тулд дараах бодлогуудыг баримталж байгаа гэдгийг сануулахыг хүслээ:

1. Нүүрсний хэрэглээг багасгах биш бүр зогсоох шаардлагатай. Учир нь нүүрс бол энэ бүхний эхлэл юм. 

2. Ой мод устгал, газрын зөв бус ашиглалтын зогсоох. Ой мод нь агаар мандлаас нүүрстөрөгчийг өөртөө шингээж хүчилтөрөгч ялгаруулдаг. Нэг модыг хөрөөдөөд унагахад тэр модонд нөөцлөгдөж байсан нүүрстөрөгчийн хий буцаад агаарт ялгарна гэсэн үг. 

 3. Цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл рүү шилжих. 2020 онд бидний унадаг машинуудаас дэлхийн хэмжээнд 3 тэрбум тонн нүүрстөрөгчийн хий ялгарсан бөгөөд дэлхий дээрх  нийт нүүрстөрөгчийн хийн ялгарлын 27-30 хувийг зөвхөн тээврийн хэрэгсэл эзэлдэг.

4. Сэргээгдэх эрчим хүчийг гол эх үүсвэрээ болгох. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс Монгол улсын нийт сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2.6 тераватт гэж тооцоолсон байдаг.

5. Хог хаягдлыг бууруулж, ахин боловсруулж ашиглах. Хүнсний хог хаягдлыг бууруулах зайлшгүй шаардлага бий. Бидний идэж ууж хэрэглэж байгаа зүйлс үйлдвэрлэл, тээврийн хэрэгслээр дамжиж бидэнд ирэхэд агаарт хэр их хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгарсан байх бол. Гэтэл бид нэг өмсөөд хаядаг, хоолоо үргэлж хэтрүүлж захиалаад үлдэгдлийг нь хаясаар байна. Энэ нь буцаад бохирдол болж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. 

Гэх мэт хичээл зүтгэлийг бид өөрсдөөсөө болон төр засгаасаа шаардах эрхтэй юм. 

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий бүлэг нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөө үзүүлсэн ядуу буурай орнууд болон дэлхий дээрх бусад зүйлийн оршин суугчид маань хамгийн ихээр өртдөг. Дэлхий дээрх бүх юм эргэлтэд орших бөгөөд бид нэг агаар мандал доор амьдарч байгаа гэдгийг үргэлж санаарай. 

Өдөр бүр "Эх Дэлхийн" өдөр!

Зураг: Peppermint Magazine

САНАЛ БОЛГОХ