Жеймс Вебб телескоп хэвийн ажиллаж байна

UB Info

Жеймс Вебб телескоп солиртой мөргөлдсөний улмаас гэмтэж, сүйрлээ гэсэн мэдээ харсан бол бүү сандраарай! Жеймс Вебб телескопын маань нэг толь нь 5 сарын 23 болон 25-нд жижиг хэмжээний солиртой мөргөлдсөн боловч телескоп хэвийн ажиллаж байгаа тухай NASA-гаас албан ёсоор мэдээлсэн байна.

"Телескоп маань задгай сансар дахь хүнд хэцүү нөхцөлийг тэсвэрлэх шаардлагатай болно гэдгийг бид сайн мэдэж байсан. Асар их хүчтэй хэт ягаан туяа, нарнаас цацарч буй цэнэгтэй бөөмс болон микро солирын хэлтэрхийнүүд гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үзэж байж Жеймс Вебб телескопыг бид бүтээсэн." гэж NASA-гийн төслийн багийн гишүүн Пол Гейтнер хэлсэн байдаг. Тийм ч учраас Жеймс Вебб дуран маань аливаа мөргөлдөөний улмаас аль нэг толь нь гэмтлээ гэж бодоход түүнийхээ алдааг засварлахын тулд бусад толинуудынхаа байршлыг өөрчлөх боломжтой байхаар бүтээгджээ. Энэ нь телескопыг цаашид урт хугацаанд ашиглахад нэмэр болох боловч мэдээж бусад арга хэмжээ авч байх шаардлагатай болно. Эдгээрийн нэг нь урьдчилан таамагласан солирын урсгалаас телескопыг хамгаалахын тулд өөр байрлалд чиглүүлж нисгэх юм. Энэ удаагийн солирын мөргөлтүүд нь солирын урсгалын нэг хэсэг байгаагүй бөгөөд урьдчилж таамаглах болохооргүй тохиолдол байсан байна. Харин цаашид үүнтэй ижил тохиолдол гаргахгүй байхын тулд инженерүүд микро солирын талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн бөгөөд түүнийгээ ашиглаад телескопыг хамгаалаад зогсохгүй нарны аймаг дахь микро солируудын талаар мэдээлэл цуглуулах юм байна. 

Ямартай ч тайван амьсгаа гаргаж болохоор байх нь ээ. Жеймс Вебб телескоп маань одоогоор хэвийн ажиллаж байгаа бөгөөд инженерүүдийн зүгээс цаашид ахиж ийм эрсдэл гаргахгүй байх боломжит бүх арга хэмжээг авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тун удахгүй буюу 7 сарын 12-нд түгээх анхны өнгөт зургийг нь тэсэн ядан хүлээж байна даа. 

Эх сурвалж: NASA 

Зургийг: Adriana Manrique Gutierrez, NASA Animator

САНАЛ БОЛГОХ