Монгол залуучуудын дунд байгаа ажилгүйдлийг шийдэх зоригтой алхам

UB Info

Зориг сан нь 2019 оноос хойш Лоринет сантай хамтран Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих хөтөлбөр (Sustainable Employment for Youth)-ийг хэрэгжүүлэхдээ нийт 121 залуусыг хамруулж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай олон ур чадваруудыг танхимын болон цахим сургалтыг хослуулан олгосон билээ.

Тэгвэл уг хөтөлбөрийг улам өргөжүүлэх ажлын хүрээнд Зориг сан Австралийн Элчин Сайдын Яам болон CU Mongolia нарын дэмжлэгтэйгээр АЛХАМ кампанит ажлыг энэ оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлүүлж байна. Энэхүү кампанит ажил нь залуусыг хөдөлмөр эрхлэхэд уриалж мөн тэдэнд тулгардаг олон асуудлыг сонирхолтой контентуудаар дамжуулан түгээх юм. Үүнээс гадна ажлын намтар, албан мэйл бичих аргууд зэрэг ажилд ороход шаардлагатай ур чадварууд, хөдөлмөрийн харилцаанд ороход нэн чухал хуулийн зохицуулалтуудыг ойлгомжтой байдлаар тайлбарлан хүн бүрт хүргэхийг зорьж байна.

Залуусын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь АЛХАМ кампанит ажлыг эхлүүлэх болсон гол шалтгаан юм. 2020 оны байдлаар Монгол улсад 15-аас дээш насны хөдөлмөр эрхлэх насны 2 сая гаруй иргэдийн ойролцоогоор 3 хүн тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн үзүүлэлттэй байна. (Үндэсний статистикийн хороо, 2021, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа). Мөн түүнчлэн 2020 онд 18-40 насны залуусын дунд авсан судалгаагаар Монголд тулгамдаж буй хамгийн чухал асуудлаар 54% нь ажилгүйдлийг сонгожээ. (CISR, 2020, Залуучуудын санал бодлын судалгаа).

Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувийг залуус эзэлдэг. Нийгэмд нэн тулгамдаж буй асуудал болох залуусын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдалд зөв оновчтой шийдэл олохын тулд бүх шатны байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж АЛХАМ АЛХМААР хамтдаа урагшлах шаардлагатай байна. Монгол улсын иргэн бүр хөдөлмөр эрхэлдэг зохистой нийгмийг бүтээхийн тулд та ч гэсэн #АЛХАМтай нэгдээрэй.

АЛХАМ: Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх мэдлэгийг танд АЛХАМ АЛХМААР хүргэнэ.

Facebook: @alham.uud https://www.facebook.com/alham.uud
Instagram: @alham.uud https://www.instagram.com/alham.uud/

САНАЛ БОЛГОХ