"Ханийн минь нэрийг өргөж байгаад ээж нь баярлаж байна” гэж надад хэлсэн

UB Info

Надад гэртээ харих замдаа үргэлж хардаг нэг самбар байдаг байсан юм. Үндэсний бөхийн хувцас өмсчихсөн хүүхдийн зурагтай самбар. Манай гэр Толгойтод, тэр самбар болохоор баруун 4 замд байдаг. Тэр хүүхдийн хувцсыг өмсөөд барилдах юмсан гэсэн бодол надад аягүй их төрнө. Яагаад ч юм мэдэхгүй, би ухаан орсон цагаасаа л бөх болохыг хүсдэг байлаа.

Бөхийг үндэсний бөхөөр л төсөөлдөг. Зурагтаар их гардаг байсан болохоор нь сумо гэж бас мэднэ. Бүр цаанаасаа юм л болохоор би барилдаж ноцолдчих гээд байдаг хүүхэд байсан юм. Хичээлд явахдаа би нэг их дуртай биш. Гэхдээ маш хөдөлгөөнтэй, ангийн бужигнуулдаг хэдэн нөхөд дунд бараг толгой нь болчихсон гүйж байна. Хамгийн дуртай хичээл нь, ойлгомжтой… “биеийн тамир”. Манай гэрт нэг ч спортын хүн байхгүй. Аав харин аягүй их бөх үзнэ. Цагаан сар, наадмын бөхийн барилдаан болгоныг үзнэ. Бөхчүүдийг ч сайн танина. Магадгүй тэр надад нөлөөлсөн байх гэж боддог юм. Аав маань цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаад биеийн байдлаасаа болоод цагдаагаа болиод голцуу таксинд явдаг байлаа. Хувцсыг ямар гоё цэвэрхэн өмсдөг гэж санана. Аавын биеэ авч явж байгаа байдал нь надад их таалагддаг байсан юм. Бараг дандаа кэпкэн малгай өмсөж явна. Гүндүүгүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, сайхан эр хүн байлаа.

Манайхан гэртээ бараг 10уулаа амьдарна. Ах нар, ахын эхнэр гээд л. Нэгнээ тусдаа гаргаад өгчих боломж бололцоо байхгүй, гэртээ бөөнөөрөө шалаар зулаад л унтацгаана. Орой болохоор бөөнөөрөө болсон явдал, аймшгийн зүйлс ярина. Манайх баян цатгалан айл байгаагүй ч, аз жаргалтай мөчөөр дүүрэн гэр бүл байсан юм. Ээж зах дээр хоол хийж зарна. Би хоёр ахыгаа дагаж Өгөөмөр зах дээр ажиллана. Машин тэрэгний жижиг сажиг солих зүйлийг нь сольж, засдаг. Арван нэгэн настай ч ажил төрөл хийгээд том хүн шиг л байдаг байлаа. "Яаж сайхан амьдарч болох уу? Яавал би ирээдүйд илүү гоё амьдрах юм болоо" гэж зөндөө бодогдоно. Нэг удаа Аваргын гараа гээд бөхийн тэмцээн болох гэж байсан юм. Би тэрэнд орох гээд аав ээжтэйгээ бөхийн өргөө дээр яваад очсон чинь мандатын мөнгө авдаг гэдгийг нь мэдэхгүй бүртгүүлж чадсангүй. Тэгээд бөхийн өргөө дотор дэмий байж байсан чинь Шийрэв гэж багш таараад намайг спортын төв ордонд хүрч ирэхийг хүссэн. Яваад очтол үндэсний бөх биш жүдо болж таараад, анх удаа би жүдогийн спорттой танилцав.

Манай аав ээж хоёрын боломж тааруу байсан ч намайг тэр спортыг сонирхож байгааг хараад аль байгаагаараа л дэмжиж эхэллээ. Жүдогоор хичээллэхийн тулд кимоно хэрэгтэй. Одоо зүгээр тэмцээнд өмсдөг кимоно гэхэд л 1 сая төгрөгийн үнэтэй. Тэр үед юмнууд арай хямдхан байсан, бас клубийн хүүхдүүд өөр зэрэглэлийн кимоно өмсдөг байсан гэхээр нэг кимоно 40, 50 мянга гэдэг байсан юм уу даа. Тэрийг авахад л хүндрэлтэй байсан гэхээр аав ээжид хэцүү л байсан байгаа юм л даа. Нарантуулын ард комиссын хувцаснууд зардаг байсан юм. Тэндээс явж байгаад нэг таеквондогийн кимоно олж аваад тэрийгээ дундуур нь хувааж жүдогийн кимоно шиг болгож янзлаад, цагаан даавуугаар бүс оёж өгөөд тэгж намайг кимонотой болгосон. Таеквондогийн кимоно урдуураа битүү байдаг юм. Жүдогоор хичээллэж эхлээд л надад хайж байсан зүйлээ олсон юм шиг санагдсан. "Аан, энэ л яг намайг аз жаргалтай байлгах зүйл юм байна шүү дээ. Намайг аз жаргалтай болгохын дээр миний хүсдэг байсан гоё амьдралыг ч өгч чадах юм шиг байна. Би гол нь энэндээ 100% өөрийгөө зориулах ёстой юм байна" гэж бодсон. Багш надад бэлтгэлдээ ир, бэлтгэлээ битгий тасал гэж нэг удаа ч хэлэх шаардлага гардаггүй байлаа. Би бэлтгэлээсээ хоцрохоороо бараг өөрөө уйлчихдаг байсан. Хоцрох угийн дургүй. Хоцорсон юм нэг цаагуураа л бүтэмж муутай байдаг шиг санагдаад байдаг юм. Бэлтгэл эхлэхээс хамгийн доод талдаа 30 минутын өмнө ирээд хувцсаа өмсөөд тэрүүгээр ганцаараа гүйж харайж тоглоод халаад байж байна. Спортоор хичээллээд ядрах, Өгөөмөр зах дээр ажил хийгээд ядрах хоёр шал ондоо. Надад спортоор өөрийгөө ядраах нь илүү кайфтай, илүү аз жаргалтай байлаа.

Өглөө хичээлдээ ч юм уу бэлтгэлдээ явах гээд босох гэхээр гэр аймар хүйтэн тэгэхээр нь хөнжил дотроо хувцсаа өмсөнө. Босоод худалч хүнд мөстэй шахуу усаар нүүр ам толгой хүзүү юу байдаг хамаг юмаа угааж явчхаад орой болгон бэлтгэлээ тарж ирээд оймсоо, кимоногоо угаагаад унинаасаа зүүгээд тавьчихна. Унинаасаа бүтээлэг унжуулж байгаад тэрнийхээ ардуур түмпэнтэй орж байгаад усанд орчих ч үе байна. Би жүдогоор хичээллээд 7 хоноод л анхны медалиа авсан. Хүрэл медаль байсан юм. Багш миний бэлтгэлдээ хандаж байгаа хандлагыг хараад аав ээж хоёрт "За та нар энэ хүүхдийн бэлтгэлийг ердөөсөө таслуулж болохгүй шүү. Энэ хүүхдийн ирээдүй аягүй гоё харагдаж байна. Зөвхөн бэлтгэлийг нь л хийлгээд байвал та нарыг ч ирээдүйд сайхан амьдруулах боломжтой юм байна шүү" гэж хэлсэн гэсэн. Тэгээд л ердөөсөө медаль авдаг болоод эхэлсэн. Орсон бүх тэмцээнээсээ медаль авна. Өсвөрийн Азийн аваргаас хүрэл, өсвөрийн дэлхийн аваргаас медаль аваад, залуучуудын дэлхийн аваргаас хоёр мөнгө гээд л.

Энэ дундуур жүдогоор дамжуулаад би гэр бүлтэй ч болчихсон. Гэр бүлийнхээ хүнтэй бэлтгэл дээр танилцаж байсан юм. Эхнэр маань ч гэсэн барилддаг. Шагналын мөнгөө тэр чигт нь аав ээждээ авчирч өгдөг байсан. Аав ээждээ л яаж ийгээд мөнгө өгөхийг хичээнэ. Манай гэрт мөнгө хэрэгтэй гэдгийг л аягүй их боддог байсан санагдана. Би тодорхой хэмжээний амжилт гаргачихсан, өөрийн гэсэн жаахан орлоготой, гэр бүл зохиогоод тусдаа гарчихсан байсан юм. Эхнэртэйгээ аавынд очиж нэг хоночхоод маргааш нь буцах гэтэл аав надад унаанд суугаарай гээд 20 мянган төгрөг май гээд өгсөн. Том болсон ч гэсэн ааваасаа унааны мөнгө авахад надад нэг л сайхан санагдаж билээ. Аав байгаа болохоор миний ар тал аюулгүй бүрэн санагдаад юунаас ч айхгүй том зүрхтэй явна. 2020 онд аавын минь бие муудлаа. Уушгины хорт хавдартай байсныгаа хүндэрчихсэн байхад нь мэдээд богино хугацаанд бие нь муудсан л даа. Олимп үзнэ гэж аав зөндөө тэсэж хүлээсэн ч бие нь дийлэхээргүй байлаа. Олимп цар тахлын улмаас хойшилчихсон шүү дээ. Яг бурхан болохынхоо өмнөхөн аав надад "Миний хүү заавал олимпийн медальтай тамирчин болно шүү. Медаль авч чадвал аавынхаа зургийн хажууд тавиарай" гэсэн захиас хэлсэн. Тэгээд л аав байхгүй болчихсон чинь надад амьдрал сүйрчихсэн юм шиг л санагдлаа. Аавын ажил явдал дуусаад нэлээн хэд хоночихсон, би гэж нэг сэтгэл гутралд орчихсон хүн байтал эхнэр "Миний юм ирэхгүй байгаад байх юм" гээд бид хоёр гайхаад тестээр шалгаад үзтэл бие давхар болчихсон байна. Бид хоёр хүүхэдтэй болох гэж урьд нь нэлээдгүй оролдож байгаад орхичихсон байсан юм. Хамгийн сонин нь аав бурхан болохынхоо өмнө манай эхнэрт урьд урьдынхаасаа ч илүү сайн хандаад, эрхлээд байсан. Хүний бие бүр муудаад ирэхээрээ дэмийрэх хэмжээнд оччихдог юм байна лээ шд. Тэгээд яг эмнэлэгт байхдаа дэмийрээд бараг мөөмийг чинь идчихье л даа, барьчихъя л даа гээд эхнэрт хэлж байсан байхгүй юу. Хүнд үзүүлтэл "Аав чинь та хоёр дээр хүн болох гээд ирчихсэн байна. Та хоёр хүйсийг нь ч харуулаад хэрэггүй угаасаа хүү" гэж хэлсэн. Илүү хариуцлагатай байх цаг ирсэн, одоо толгой гудайж суух биш мэрийх хэрэгтэй юм байна гэж бодогдоно.

Хүүхдээ гараад ирэхэд нь өөрийн гэсэн орон байр, унах унаа, адаглаад хүүхдийн памперсны мөнгө, эхнэртээ зориулах мөнгө гээд хязгаарлагдмал байж болохгүй, энэ бүхнээс гаргах зүйл нь угаасаа жүдо л байсан. Тэгээд л би эргэлтгүй буцаад сэргэсэн. Би заавал хийж чадах ёстой, би олон жил бэлдсэн, одоо зүгээр л хийх хэрэгтэй гэж өөрийгөө хурцлаад урьдынхаасаа илүү хичээх хэрэгтэй болсон. Би ааваараа, хүүгээрээ бахархуулмаар байв. 2021 оны Токиогийн олимпоор медалиа авах гээд тавцан дээр гарах үед надад бүх юм бодит биш, зүүд зэрэглээ шиг санагдаж байлаа. Би уйлчихсан. Ингэж л аавынхаа ачийг хариулна гэж бодож байсан болохоор бууж ирээд "Ааваа хүү нь чадсаан" гэж орилсон. Миний аавын хүсдэг байсан зүйл намайг Олимп, дэлхийн аварга болоод амьдрал минь сайхан болохыг л хүсэж байсан. Хүн бүрийн л аав ээж хүүхдийнхээ амьдралын баталгаанд санаа зовдог байх. Гадаадад намайг миний аавын нэрээр л дуудна. Ээж аавын нэр зарлагдахыг сонсчхоод их баярласан “Аавынхаа нэрийг дэлхийд дуудуулж байгаа мундаг хүү шүү. Ханийн минь нэрийг өргөж байгаад ээж нь баярлаж байна” гэж надад хэлсэн. Одоо би хүүдээ зориулж тэмдэглэл хөтөлдөг юм. Аав нь гадаадад тэмцээнээр явж байна гэж ирээд л бичнэ. Хүүдээ хэцүү үед нь нөмөртэй уул нь байхыг хүсдэг юм. Яг аав надад тийм байсан шиг.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ