Мэдлэг нэмэх жиргээ: Мөнгөтэй болоход саад болдог 8 зуршил

UB Info

Та хуримтлал үүсгэж хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг боловч таны сар бүр олсон мөнгө нэг мэдэхэд л алга болсоор байна уу? Тэгвэл энэ удаагийн жиргээгээр таныг мөнгөтэй болоход саад болж байгаа 8 санхүүгийн муу зуршлыг тайлбарлалаа.

1. Та зардлуудаа төлж дууссаны дараа хамгийн сүүлд өөртөө хэдэн төгрөг зориулдаг вэ? Баян аав, ядуу аавын зохиолч хэлэхдээ "мөнгөгүй хүмүүс байрны төлбөр, хувцас зэрэгтээ бүх мөнгөө зарцуулдаг байхад мөнгөтэй хүмүүс эхлээд өөртөө зориулж орлогынхоо 10% хадгалсны дараа зардлаа төлдөг. Та эхлээд хадгаламждаа мөнгөө хийснээр хэрхэн зардлаа бууруулж, үлдсэн мөнгөө зөв оновчтой зарцуулах шинэ аргууд олох болно. Ингэснээр та бусдад мөнгө төлж, баян болгохоос өмнө өөрийгөө эхэлж баян болгох дээр анхаарна. 

2. Муу зээлтэй байхдаа сэтгэл хангалуун байх. Өнөөгийн үед хүмүүс зээлээр их юм авдаг болсон. Гэвч зээлийн газрууд таныг улам их зээл авхуулж, өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлдэг. Иймд та өндөр хүүтэй, үр ашиггүй зүйлсийг зээлээр авахаас зайлсхий эсвэл яаралтай төлж дуусгавал дээр.

3. Яаралтай үед ашиглах 3-6 сарын хуримтлалгүй байх. Өмнөх зөвлөгөөний дагуу та орлогынхоо 10%-ийг эхлээд хадгалснаар хуримтлал үүсгэж эхэлнэ. 3-6 сарын хуримтлалтай байснаар эмнэлгийн үйлчилгээ зэрэг яаралтай үед ашиглах мөнгөтэй, сэтгэлд амар байх болно.

4. Өөрийнхөө орлого, зардлыг мэдэхгүй байх. Амьжиргааны инфляц нь таны орлого өсөх тусам зардал бүр илүүгээр өсөхийг хэлдэг. Жишээлбэл таны цалин ₮1->₮1.5 сая болоход, та ₮1 сая биш ₮1.6 саяыг зарцуулахыг хэлнэ. Иймд хэдийг олж, хэдийг зарцуулж байгаагаа мэдэх хэрэгтэй. 

5. Үнэтэй хоббитой. Орчин үед маркетинг их хөгжсөн тул компаниуд таныг аль болох мөнгөө түргэн шуурхай үрүүлэхийг хичээдэг. Ийм учраас та аль болох үр ашиггүй зүйлд биш шинэ юм сурч, ур чадвартай болгох хоббитой болоорой.

6. Дан ганц хадгалахаас гадна орлогоо өсгөх дээр анхаардаггүй. Таны сарын цалин ₮1 сая, харин зардал ₮0.9 сая гэвэл та ₮100к л хадгалсаар байх болно. Хэрвээ та орлогоо ердөө ₮100к нэмэгдүүлээд, зардлаа хэвэнд нь байлгах юм бол таны хадгаламжийн дүн нугарч ₮200к болох болно.

7. Эртнээс хөрөнгө оруулж эхлээгүй. Хөрөнгө оруулалтыг хойшлуулах тусам алдах боломжийг доорх байдлаар харууллаа. 22-тойгоосоо жил бүр $5k 6% хүүтэй хадгалсан хүн 32-тойдоо эхэлсэн хүнээс 67 насандаа 2 дахин илүү хуримтлалтай болно. 

8. Зүгээр л тоодоггүй. Ихэнх хүмүүс өнөөдрийн санхүүгээ удирдаж, ирээдүйдээ сайхан амьдрах талаар боддоггүй. "Ядуу төрөх нь тэр хүний буруу биш ч ядуу нас барвал тэр хүний буруу" гэж Билл Гэйтс хэлсэн байдаг. Тиймээс та өнөөдрөөс зөв санхүүгийн хэвшилтэй болох дээр анхаарна уу.

Эх сурвалж: Tsogbadrakh
САНАЛ БОЛГОХ