Volkswagen бүгдэд торгууль төлж дийлэхгүй

Авто зах зээл

Европчуудад АНУ-д төлөх гэж байгаа шиг торгууль төлөх нь компанийн санхүүд ахадсан ажил

Үйлдвэрлэсэн автомашиныхаа хорт утааны ялгарлын хэмжээг хуурамчаар багасгаж харуулдаг төхөөрөмж санаатай тавьсан хэрэгтэй холбоотойгоор Германы VW концерноос торгууль болон бусад зардалд зарцуулах мөнгөний хэмжээ тодорхой болж эхэллээ. “Дизельгэйт” гэгдэх болсон хэрэгтэй холбогдуулан тус концерн АНУ- ын байгаль орчныг хамгаалах байгууллага болон 44 муж улсын удирдлагатай торгууль болон бусад зардалд зарцуулах мөнгөний хэмжээг 15.3 тэрбум ам.доллараар хэлэлцэн тохиролцжээ. Уг мөнгөнөөс 10 тэрбумыг нь “Булхайтай төхөөрөмж” бүхий 475 мянган ширхэг автомашиныг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татах, засварлах, анхны худалдан авагчдад 5100-10000 мянган ам.долларын нөхвөр олгох зэрэгт зарцуулна. Мөн 2.7 тэрбум ам.долларыг хууран мэхлэгч программ хангамж суулгасан автомашинаас болж экологи, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зориулахаар болжээ. Харин хорт ялгаралгүй автомашин бүтээхэд зориулж дахин хоёр тэрбумыг хорт ялгаралгүй автомашин бүтээх ажилд зарцуулах юм. “Дизельгэйт”-ийн хэргийг шийдвэрлэхэд зориулан 16.2 тэрбум ам.доллар нөөцөлсөн нь АНУ-д дэгдсэн заргыг шийдвэрлэхэд хүрэлцэнэ хэмээн тус концерн тооцоолж байна.


VW-ы автомашинуудад зөвхөн тестийн үеэр утааныхаа ялгарлыг бууруулах үүрэгтэй хууран мэхлэгч программ хангамж ашиглаж байгааг АНУ-ын байгаль хамгаалах байгууллагаас мэдэгдсэн. Ингэж “Дизельгэйт”-ийн хэрэг 2015 оны есдүгээр сарын 18-нд анх дэгдсэн юм. “Булхайтай төхөөрөмж” бүхий машинууд өдөр тутмын ердийн хэрэглээний үед АНУ- ын холбогдох стандартад заагдсанаас 10-40 дахин их хорт ялгаралтай нь хожмын бие даасан туршилтаар тодорхой болсон юм.

АНУ-д Германы автомашин үйлдвэрлэгчид үүсгээд байгаа иргэний болон эрүүгийн бүх хэрэг дээрх хэлэлцээрээр дуусгавар болохгүй гэдгийг эрх баригчид анхааруулж байна. Үүний зэрэгцээ Европ тивд зарагдсан 8.5 сая автомашинтай холбогдуулан тус компанийг шалгаж байгаа. Гэхдээ АНУ-тай харьцуулахад Европ тивд дизель хөдөлгүүртэй автомашинаас ялгарах хорт утааны хэмжээнд тавьдаг шаардлага харьцангуй зөөлөн тул асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой хэмээн VW-ы удирдлага найддаг.

Европын холбооны улсуудад зарагдсан автомашинтай холбогдуулан АНУ-д төлөх гэж байгаа шиг нөхөн төлбөр шаардахаас сэргийлэн Volkswagen- ын ерөнхий захирал Маттиас Мюллер Европын комисстой тохиролцохыг оролдож байна. Тус концерн “Сэжигтэй” автомашин худалдан авсан европчуудад нөхөн олговор олгох бодолгүй байгааг ноён Мюллер Европын холбооны дотоод зах зээлийн хэрэг эрхэлсэн комиссар Эльжбета Беньковскад өгүүллээ.

Европчуудад АНУ-д төлөх гэж байгаа шиг торгууль төлөх нь компанийн санхүүд ахадсан ажил гэдгийг ойлгоход заавал математикч байх хэрэггүй хэмээн тэрбээр Welt am Sonntag сонинд тайлбарлажээ. АНУ, Европоос гадна Өмнөд Солонгос зэрэг Азийн зарим улс тус компанид мөн хэрэг үүсгээд байгаа юм.
САНАЛ БОЛГОХ