Видео тоглоом хүүхдийн тархины хөгжилд эерэг нөлөөтэй

UB Info

Техник технологи хөгжихтэй зэрэгцэн хүүхдүүдийн тоглох тоглоом хувьсан өөрчлөгдөж видео тоглоом руу чиглэх болсон. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ видео тоглоом ихээр тоглож буйг хараад тэдний биеийн тамирын болоод нийгмийн харилцаа цаашилбал сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовдог.

Тэгвэл JAMA Network Open хэмээх академик сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн томоохон судалгаа “Видео тоглоом хүүхдийн тархины хөгжил, танин мэдэхүйн чадварт эергээр нөлөөлдөг” гэдгийг харуулсан байна. Энэхүү судалгааг ахлан явуулсан Вермонтийн Их сургуулийн сэтгэлзүйн тэнхимийн дэд профессор Бадер Чаарани хэмээх эрдэмтэн нь мэдрэл судлалын мэргэжилтэн бөгөөд өөрөө бас яггүй тоглоомчин аж.

9-10 настай хоёр мянга орчим хүүхдүүдийг, огт тоглодоггүй болон өдөрт 3-аас дээш цаг тоглодог гэсэн хоёр хэсэгт хуваан анкет явуулж, танин мэдэхүйн тестэд оруулж, тархины зургийг нь авсан судалгааг хийжээ. 

Үр дүн: Видео тоглоом тоглодог хүүхдүүдийн когнитив буюу танихуйн, ухамсарлахуйн чадвар илт өндөр байгаа нь харагдсан байна. Тархины MRI зураг дээрээс анхаарал болон ой санамжтай холбоотой хэсгүүд илүү идэвхтэй ажиллаж буй нь ажиглагдсан байна. Судалгааны баг цаашдаа насны ангилал, тоглоомынх нь төрөл, гэрийн орчин, нойрны зуршил гэх мэт бусад хүчин зүйлсийг судалгаанд нэмж оролцуулж илүү нарийн үр дүн авахыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.

Судалгааны багийн ахлагч Чааранигийн хэлж буйгаар: “Мэдээж олон цаг дэлгэцийн өмнө суух нь сэтгэхүй болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэрэв нэгэнт дэлгэц ширтэж байгаа бол бичлэг үзсэнээс тоглоом тоглосон нь илүү хэрэгтэй мэт харагдаж байна.” хэмээжээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ