Хулганыг "Залуужуулах" туршилт амжилттай хэрэгжжээ

UB Info

Хүн төрөлхтний томоохон мөрөөдлийн нэг болох мөнхийн залуу нас боломжтой болоход нэг алхам ойртлоо.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 2020 оноос хөгшин хулганыг залуужуулах зорилготой судалгаа, туршилтыг эхлүүлжээ. Энэхүү туршилт нь хараа муудаж торлог бүрхэвч нь гэмтсэн гэх асуудалтай хөгшин хулгана дээр амжилттай хэрэгжиж, хөгшин хулганууд залуу хулгануудтай өрсөлдөхүйц хэмжээний харааны чадвартай болсон байна.

Тэд судалгааны гараагаа хаанаас эхэлсэн бэ гэвэл 2012 онд Анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн Др. Шиня Яаманакагийн нээлтээс. Яаманакагийн нээлт нь юу байсан бэ гэвэл хүний арьсны эсийг, биеийх нь аливаа нэг хэсгийн үүдэл эс нь болж хувирах чадамжтай болгон шинээр программчилсан юм.

Энэ нь маш том нээлт байсан боловчиг хөгшрөлтийн эсрэг хэрэглэхэд эрсдэлтэй байв.

Учир нь насанд хүрсэн эс нь тэр чигээрээ үүдэл эс болон хувирах үедээ ой санамжаа алддаг байна. Урьд нь юуны эс байснаа мартчихдаг гэсэн үг. Энэ нь шинээр төлжих явцад гайхамшигтай боломж ч гэлээ залуужих явцад үр дүн муутай аж. Генетикийн профессор Давид Синклерээр ахлуулсан судалгааны баг Яаманакагийн нээлтийг улам хөгжүүлж, хөгшрөлтийг удаашруулах, шинээр залуу болгох туршилтыг эрчимтэйгээр явуулсны үр дүнд ийнхүү эхний ээлжинд хулгана дээрх туршилт нь амжилттай болсон байна.

Профессор Синклерын хэлж буйгаар:  “Хөгшрөх процесс бол ердөө л нас нь гүйцсэн эс өөрийнхөө үүргийг мартаж буй явдал юм. Нэг ёсондоо мэдээллийн алдагдал гэж болно. Тухайн эс өөрийнхөө генетикийн кодыг бүрэн уншиж чадахаа байдаг. Харин бид тэр санах ойг нь сэргээхийг хичээж байна” гэжээ. Багийнхны цаашдын зорилго нь энэ технологийн хүн дээр үзүүлэх үр дүнг судлах юм.

Харин хулгана дээр хийсэн туршилт нь хүмүүст адилхан нөлөө үзүүлэх эсэх тал дээр судалгааны багийхан: "Эхний шатандаа явж байгаа. Ахиад илүү хугацаа хэрэгтэй." хэмээн мэдэгдэж байна. 

Мөн Профессор Синклерийн зөвлөж буйгаар: Хөгшрөлтийг удаашруулах, биологийн цагийг ухраах тал дээр батлагдсан цөөнгүй тооны арга бий.

Энгийн бас үр дүнтэй хэдийг нь дурьдваас: Хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэ, аль болох бага ид, нойроо хангалттай ав, булчингийн массаа хадгалахын тулд долоо хоногт 3 удаа дасгал хийж сайхан амьсгаадаад ав, жижиг зүйлсэд бүү стресст, хүрээлэн буй хүмүүстэйгээ цагийг аз жаргалтай өнгөрөө” хэмээжээ.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ