Л.Оюун-Эрдэнэ: Гишүүн, сайд, дарга болохоосоо өмнө бизнесээсээ татгалзаж чадах уу?

UB Info

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүд, сайдууд, төрийн дээд албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс төрөөс зээл тусламж, санхүүжилт, тэтгэлэг авахыг хориглох агуулга бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ:

"Энэхүү хууль батлагдсанаар улс төр болон бизнесийн хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болно. Гишүүн, сайд, дарга болохоосоо өмнө бизнесээсээ татгалзаж чадах уу? гэдгээ бодох хэрэгтэй. Төр тусдаа, бизнес тусдаа байх ёстой. Албан тушаал, эрх мэдээлэлд ойр байдлаа ашиглан завшдаг байдал уг нь ёс зүйгээр шийдэгдэх ёстой ч тийм боломжгүй байгаа учир хуульчлахаар зорьж байна. Ингэснээр ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийнбанк зэргээс төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнууд зээл авах боломжгүй болно. Мөн төрийн бүх худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглоно." гэв.

Хууль батлагдвал:

- Ерөнхийлөгч
- УИХ-ын дарга
- Ерөнхий сайд
- УИХ-ын гишүүн
- Сайд
- Аймаг, нийслэлийн Засаг дарга
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- УДШ-ийн ерөнхий шүүгч
- Улсын Ерөнхий прокурор түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаатан садан нь төрөөс болон төртэй хамтарч буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих,  худалдан авалтад оролцох, хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг хаших хугацаанд нь хориглохоор тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.

САНАЛ БОЛГОХ