Манайд байнга оршин суух визээ өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан

UB Info

Солонгосоор Камсахамнида гэдэг үг байдаг даа. Тэрийг хүүхдүүд нэгнээ өмссөн зүүснээр нь дээрэлхэхдээ "Комиссоос авсан юм уу даа" гэж ёжилж хэлдэг юм гэнэ. 

Надаас нийгэм судлалын давтлага авч байсан шавь маань сургууль дээрээ тэгж дуудуулаад тэр нь их хэцүү байдаг талаараа надад ярьсан юм. Тэр хүүхэд олон хүүхэдтэй айлын дундах нь байлаа. Мэдээж тэгэхээр түүнд ах эгч нарын хувцаснууд шилжиж ирнэ. Тэр ч гололгүй өмсөнө.

Хичээлдээ дуртай, хичээлдээ сайн. Гэхдээ ангийнхан нь түүнийг дарамталж дээрэлхэх болсон шалтгаан нь түүний өмсөж хэрэглэж байсан зүйлс байсан. Тэгээд би асуулаа "Чиний өмсөж байгаа зүйлс чамд л эвтэйхэн байвал бусдад нь ямар хамаатай юм бэ?" гэтэл тэр "Хамгийн их хамаатай" гэж байна. Яагаад гэхээр ангийнх нь хүүхдүүд бүлэг болж нийлдэг. Тэгэхээр тэр ганцаараа үлдчихдэг байв. Ангийнхан нь олуулаа амралтын өдөр тийм ч кино театр орно, ийм ч газар очиж зугаацна гэнэ. Харин тэр хүүхдийн гэр бүлд миний хүүхэд Iphone барьж байна уу, шинэ трэндийг дагаж хувцаслаж байна уу гэдэг чухал сэдэв биш. Олон хүүхдээ тэжээхдээ л эцэг эх нь анхаарна. Өдрийн хоолоо болгоно гэдэг нь тэр айлын илүү бодит асуудал байв.

Шавь маань мянга онц сураад хамт олныхоо нэг нь болж чадахгүй. Өмссөн зүүснээрээ дандаа дээрэлхүүлнэ. Нэг өдөр шавийн маань ээж жаахан ахиухан мөнгө олж л дээ. Тэгээд цалингаараа бүх хүүхдүүддээ нэг нэг шинэ гутал авж өгчээ. Шавь маань шинэ гутлаа хичээлийн шинэ жил эхлэхэд сэтгэл хангалуунаар өмсөөд сургуульдаа явсан байлаа. Тэгэхэд ангийнхан нь "Чи шинэ юм өмсчихсөн юм уу?" бараг "Хаанаас хулгайлсан юм" гэх нь холгүй байсан гэсэн. Тэгэхэд би шинэ юм өмсөх эрхгүй гэдгээ ойлгосон гэж шавь маань надад хэлэв. "Тэд нарт өмнө нь байсан шигээ л байнга харагдах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол улам илүү дарамтлуулж дээрэлхүүлэх юм байна" гэж тэр ойлгоод шинэ хувцас өмсөхөөсөө ч зайлсхийдэг болчихсон байв. Багш нартайгаа юм яриад урд самбар дээр гарахаасаа ч айна. Улам л дотогшоогоо болсоор. Харамсалтай байгаа биз?

Тэр хүүхдэд мянга сайн сурая гэсэн хүсэл эрмэлзэл байсан ч үеийн хүүхдүүдийн ардаас нь чичлэх үгс урагш алхах замыг нь хаачихаж байгаа байхгүй юу. Шинэ хувцас өмсөхгүй байгаа нь биш, ээж аав нь хангалуун амьдруулахгүй байгаа нь биш харин үе тэнгийнхэн нь байгаагаар нь хүлээж авахгүй байгаа гэдэг нь жинхэнэ асуудал байсан.

Надаас "Багшаа яаж энэ бүхнээс гарах уу?" гэж асуухад нь эргээд миний өнгөрсөн амьдралын дурсамжууд надад орж ирсэн. Би айлын ганц охин байсан ч миний амьдрал тийм ч дардан байгаагүй. Ээж маань ганц бие. Ганц бие эмэгтэйд тулгарах бүх асуудлуудыг би харж өссөн болохоор хувцас гуталны мууг мэднэ, үе тэнгийнхний гадуурхалтыг мэднэ. Тэр хүүхдэд би гарцыг нь зааж өгөхийг хичээсэн хэрнээ өөрөө ч тэр трауманаасаа бүрэн гарч чадаагүй хүн байсан.

Одоо би хичнээн өөрийнхөө чадлаараа дуртайгаа өмсөж зүүж явж чадаж байгаа ч гэсэн тэр үеийн муухай мэдрэмж надад гүн үлдчихсэнийг би мэддэг юм. Тэгээд би түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр "Чи надаас зөвөлгөө авах гээд энэ асуудлаа хэлж байгаа чинь л эхний алхам хийчихлээ гэсэн үг. Чи багшдаа хэлээгүй, эцэг эхдээ хэлээгүй зүйлээ надад итгээд ярьж байна. Энэ асуудлаас гарах гээд хичээл зүтгэл өөрөөсөө гаргаж байгаа чинь л хангалттай сайн хэрэг" гэсэн. Гэхдээ миний түүнтэй ярилцсан энэ үйл явц нэг өдрийн дотор болоогүй л дээ. Тэнд чинь зөндөө өөр давтлага авч байгаа хүүхдүүд байгаа. Хичээлээ заах хэрэгтэй. Түүнийг давтлаганд ирэх болгонд нь жижигхэн жижигхэн хэлж ярилцана. Түүнд сөрөг мэдрэмжээ ажиглах талаар, зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх талаар, өөртөө үнэнч байх талаар, айдсаа давах туулах талаар гээд л өөрийн чадахаараа мэддэг зүйлсээ хэлнэ. "Намайг бага байх үед комисс гэнгүүт хүмүүс ойлгодоггүй, хүний хуучин хувцас өмсвөл сүлд хийморьт нөлөөлнө гэдэг яриа их явдаг байсан. 

Одоо орчин үед харин залуучууд ойлгодог болж байна. Чи гол нь хувцсаа цэвэрхэн өмсөж байхад тэр чинь хуучин байна уу шинэ байна уу хамаагүй. Чи байгальд ээлтэй хувцаслаж байгаагаараа. Чи хувцсыг цэвэрхэн өмсдөг гэдгээрээ. Эцэг эхийнхээ мөнгийг хэмнэж байгаагаараа харин ч өөртөө үнэ цэнийг үүсгэж бахархах хэрэгтэй" гэж би түүнд хэлсэн.

Зарим зүйлийг нууж байснаас ил байлгах нь хамаагүй амар байдаг шүү дээ. Яадаг юм үнэн үнэн би комиссын хувцас өмсдөг, яадаг юм манай ээж зах дээр ажилладаг гээд тэрийгээ өөртөө хүлээн зөвшөөрөөд күүл байхыг сурчихвал сэтгэлд амар. Тиймэрхүү ярианы дараа шавь маань арай аз жаргалтай болчих шиг надад санагдсан. Нийгэм судлалаар сурж байгаа даа баярлаад сэтгэл судлаач болмоор ч юм шиг мэдрэмж өөрт нь төрсөн гэсэн. Сүүлд надаа "Би одоо дүү нартайгаа ярилцаж, зөв үлгэр дуурайлал төрүүлэх гэж аягүй хичээдэг болсон. Яагаад гэвэл миний багадсан хувцас ч гэсэн миний дүү нарт очно шүү дээ" гэж хэлсэн.

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ