Христийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар ТЭРГЭНЦЭР төсөл хэрэгждэг

UB Info

Тэргэнцэр төсөл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС)-ийн гишүүдийн хандив тусламжаар дэлхий даяар хэрэгждэг гол цөм төслүүдийн нэг бөгөөд Монгол Улсад энэхүү төслийг 30-аад жилийн өмнөөс ЕХХҮГСүм нь өөрсдийн гишүүдийн хандив тусламжаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) болон Олон Улсын статустай Улаан Загалмай Нийгэмлэг, Төрийн байгууллагууд болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Сэргээн Засалт Үндэсний Төв зэрэг байгууллагуудтай хамтран тэргэнцэр хэрэгцээтэй иргэдэд үнэ төлбөргүй хандивлаж ирсэн байдаг.


Энэ жилийн тэргэнцэр төсөл дээр Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар (ХБХХЕГ)-тай хамтран ажиллаж буй бөгөөд өнөөдөр Дэзэрэт ОУЭБ болон ЕХХҮГСүмээс ХБХХЕГ-т 300 тэргэнцэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Улмаар ХБХХЕГ нь уг тэргэнцрүүдийг тэргэнцэр нэн шаардлагатай байгаа иргэдийн судалгаа, хүсэлт дээр үндэслэн үнэ төлбөргүй түгээх юм.


Тэргэнцэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ЕХХҮГСүмийн ажлын албаны захирал Г.Түвшинжаргал, Олон Нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, ДОУЭБ-ын захирал Д.Пүрэвжаргал, ХБХХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.


ЕХХҮГСүм уг төслийг хэрэгжүүлэх 30 шахуу жилийн туршид 7000+ тэргэнцрийг Монгол Улсад хандивлахдаа 3 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ. Төслийг хэрэгжүүлэгч Дэзэрэт ОУЭБ-н захирал Д.Пүрэвжаргал “Монгол улсад тэргэнцрийн хэрэгцээ маш их байгааг судалгаа харуулж буй тул бид энэ төслийг цаашид ч тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэлсэн нь тэргэнцэр хэрэгцээтэй олон хүмүүст итгэл найдвар авчрах сайхан мэдээ байлаа.


Нинжин сэтгэлтэй, Ач буянтай байхад бусдыг уриалдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд нийгэмд хандсан сайн үйлс болон хүмүүнлэгийн төслүүдийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, бусдад илүү их баяр баясгалан, энэрэл хайр бэлэглэхийг чухалчилж байна.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


САНАЛ БОЛГОХ