Хувийн сахилга баттай болох тухай

UB Info

Хувийн сахилга бат (self-discipline) гэдэг нь бусдын шахалтгүйгээр ямарваа зүйлийг хэчнээн хэцүү, залхуу хүрмээр, сонирхолгүй байсан ч өөрийгөө тууштай дайчлан гүйцэтгэх чадвар юм. Энэхүү чадварыг олж авснаар ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь хийж стресст орохоос сэргийлэхээс гадна ажил хичээл дээрээ амжилттай байхын эхлэл болно. Миний хувьд харьцангуй ажлыг цаг тухайд нь гүйцэлдүүлдэг боловч хийхэд хэцүү ажлыг хойшлуулах хандлагатайгаа ажигласан. Хэцүү ажил хийхийн оронд кино үзэх ном унших и-мэйлээ шалгах гэх мэт зүйлүүд хийж ажлаа хойш тавих нь илүү хялбар (яг одоо судалгааныхаа дата анализ хийхээ хойш тавиад үүнийг бичиж байх жишээний). Гэтэл ийм байдлаар мэдээж удаан явбал наад зах нь хичээл дээрээ муу дүн авах, цаашлаад ажлаасаа халагдах, бүр цаашлаад өсөн дэвжихгүй нэг газраасаа хөдлөхгүй байх гэх мэт сөрөг үр дагавруудтай. Тиймээс хувийн сахилга батыг өөртөө зайлшгүй суулгах шаардлагатай болж байгаа юм. Тэгвэл хэрхэн энэ сахилга батыг өөртөө суулгаж хэцүү ажлын ард гарах талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцъя.

1. Зорилгоо тодохойлох

Ямарваа ажлыг хийхийн тулд маш тодорхой зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилго нь өөрийг тань зоригжуулах буюу мотивацилдаг байх нь чухал . Жишээ нь та нэг шалгалтад бэлдэж байгаа гэж бодъё. Мэдээж сайн дүн авах гэдэг бол таны зорилго. Гэтэл сайн дүн авах нь яагаад чухал вэ гэдгийг хүмүүс тэр болгон бодоод байдаггүй. Зүгээр л сайн дүн авчихвал сайн сургуульд ороод сайхан амьдарна гэж бодох нь хангалттай мотиваци болж чаддаггүй. Судалгаагаар хүн сайн юмнаас мотиваци авахаас илүү муу юм тохиолдох вий гэдгээс айж өөрийгөө дайчлах хандлага илүү байдаг гэж харуулсан байдаг (Thinking Fast and Slow by Daniel Kahneman). Тэгэхээр сайн дүн авах гэдэг өөрөө хангалттай мотиваци болж чадахгүй бол нөгөөтээгүүр муу дүн авбал яах вэ гээд бодоод үзье. Муу дүн авлаа сургуульд орж чадахгүй насаараа ажилгүй эсвэл үйлчилгээний ажил хийж амьдрах нь гээд бодоход илүү хичээх сэдэл төрж байгааг ажиглаж болно. Мэдээж заавал ийм байдлаар өөрийгөө дайчлах албагүй ч гол хэлэх гээд байгаа санаа нь тавьж байгаа зорилго тань ямар нэгэн байдлаар эрч хүч мотиваци өгдөг байх нь чухал гэдгийг хэлэх гээд байгаа юм.

2. Хэцүү ажлыг амархан гүйцэтгэж болохуйц жижиг ажлуудад хуваах

Өмнө дурдсанчлан хэцүү ажил гараад ирэхээр хийхээсээ зугтаж хойш тавих тохиолдол их гардаг. Ийм үед тэр том ажлыг хийх гээд “махрах”-аас илүү хэдэн минутыг зарцуулаад тэр ажлаа олон жижиг хэсгүүдэд хуваагаад нэг нэгээр нь хийвэл хийсэн ажлаасаа урам аваад дуусгахад илүү хялбар болно. Эргээд өмнөх хэсэг дээр дурдсан шалгалтад бэлдэж байгаа жишээг аваад үзье. Шалгалт нь маш хүнд учраас та эхлэхээсээ айгаад хойшлуулаад байгаа гэвэл тэр шалгалтын материалаа жижиг сэдвүүдэд хуваагаад долоо хоногт нэг сэдвийг бэлдэнэ гээд төлөвлөчихвөл бэлдэж эхлэхэд ч мэдээж амар болж байгаа юм. Үүнээс харахад ямар нэг ажил хийхэд хэцүү санагдаж байна аа гэдэг нь нөгөө талаар хангалттай жижиг хэсэгчлэгдээгүйн илрэл байж болох юм.

3. Ажлын төлөвлөгөө (to-do list) гаргах

Ажлаа хэдийгээр жижиг хэсгүүдэд хуваасан ч ямар ч төлөвлөгөөгүй бол хаанаас хийж эхлэхээ мэдэхгүй цагийг дэмий үрэх нь гарцаагүй. Жишээ нь шалгалтын материалуудаа сэдвүүдэд хуваасан ч гэсэн аль сэдвээс нь эхэлж хэрхэн бэлдэх ажлын төлөвлөгөөгүй бол хэчнээн амархан ажлууд байлаа гээд юу хийхээ мэдэхгүй хэсэг цаг зарцуулна. Үүний оронд сэдэв тус бүрийг долоо хоногийн аль өдрүүдэд бүр цаашлаад хэдээс хэдэн цагийн хооронд хийхээ тогтчихвол шууд л тэр цагтаа хийх ёстой зүйлээ барьж аваад хийхэд дөхөм болох юм. Миний хувьд долоо хоног болгон хийх ёстой ажлын төлөвлөгөө гаргадаг болсноор өдөр илүү үр бүтээмжтэй болсон юм шиг санагддаг. Миний хувьд иймэрхүү төлөвлөгөө гаргая гэвэл OneNote дээр хөтлөх хамгийн үр дүнтэй санагдсан. Бичсэн ажлуудаа бүгдийг нь дуусгаж амжихгүй байж болох ч гэсэн долоо хоногийг маш тодорхой хийх ажлуудтай эхлүүлэх нь чухал юм билээ.

4. Зуршил буюу routine-тэй болох

Ингээд ажлаа төлөвлөгөөтэй хийх боломжтой болсон ч тогтмол хийж чадахгүй бол өмнөх бүх шатууд ямар ч хэрэггүй болно. Тэгвэл яаж хийх ёстой зүйлсээ routine-д оруулах вэ? Ямарваа зүйлийг зуршил болгохын тулд хийж байгаа зүйлээсээ immediate feedback/reward авах хэрэгтэй. Ингэснээрээ тухайн үйлдлийг дахин давтан хийх сонирхолтой болж сүүлдээ өөрийгөө заавал хүчлэхгүйгээр хийдэг болчихсон байна. Үүнийг баталсан маш олон туршилтууд байдгийг энд дурдах илүүц байх. Гэвч ямар төрлийн reward авч байгаа нь маш чухал. Жишээлбэл өдөр болгон гүйх зуршилтай болох гэж байгаа хүн гүйх болгоныхоо дараа өөрийгөө зайрмагаар шагнадаг бол тухайн хүнд гүйх нь биш харин зайрмаг идэх нь л чухал болж хувирна. Тэгвэл үүний оронд сэтгэл санаа тавгүй үедээ гүйгээд хөлс гаргадаг байвал тухайн хүнд гүйнэ гэдэг нь сэтгэлийн тайтгарал өгдөг зүйл болоод хувирчихлаа гэсэн үг. Яг ийм байдлаар зуршил болгох гэж буй зүйлээ хийх болгондоо тэр зүйлийг өөрийн тархиндаа ямар нэгэн байдлаар “гоё зүйл” гэж ойлгуулах хэрэгтэй. Дахиад шалгалт өгөх гэж байгаа хүн дээр жишээ авахад, тухайн хүн зөвхөн шалгалтдаа л сайн дүн авах гэж бэлдэхийн оронд мэдэж сурсан зүйлээсээ урамшдаг бол зуршил болоход илүү амар болно гэсэн үг. Миний хувьд жишээлбэл шалгалтдаа бэлдэхдээ цагаан самбар дээр хичээл зааж байгаа юм шиг бэлдэхэд цаг хугацаа ч анзаарагдахгүй хурдан өнгөрсөн байдаг.

5. Daily log хөтлөх

Шалгалтад бэлдэх гэх мэтийн ажил хэцүү ч түргэн хугацаанд дуусгах боломжтой. Гэвч удаан хугацаанд буюу хэдэн жилээр үргэлжлэх хэцүү төсөл дээр ажиллаж байгаа бол яах вэ? Жишээлбэл master, PhD-р сурч байгаа оюутнууд нэг төсөл дээр дор хаяж 2–3 жил цаашлаад 6–7н жил ч зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд үр дүнд хүрэхгүй бухимдах, юу ч хиймээргүй санагдах гэх мэтээр хэдий өмнөх хэсэгт дурдсан routine-тэй болсон ч түүнийгээ удаан барьж явж чадахгүй байдалд хүрэх нь олон. Нэн ялангуяа байнга ажиллаад байвал burn out болох буюу унтрах тохиолдол маш их бий. Иймд ажиллахаас гадна бусад зүйлдээ тодорхой цаг гаргадаг байх шаардлагатай. Гэтэл яг өдөрт хэдэн цагийг яаж зарцуулаад байгаагаа бид тэр болгон ажиглаад байдаггүй. Нэг мэдэхэд л утасны screen time 3–4н цаг болчихсон байдгийг та ч андахгүй биз. Энэ асуудал миний хувьд маш их тохиолдож байсан учраас яг хэдэн цагийг яаж зарцуулаад байгаагаа олж мэдэхийн тулд Daily Log хөтөлдөг болсон. Энэхүү Daily Log-ыг өдрийн төгсгөлд Google Sheet дээр хэдээс хэдэн цагт ямар ажлууд хийснээ бүртгэх байдлаар өдөр болгон бүртгэхэд дор үзүүлсэн байдлаар өдөр тутамд ямар ажилд хэдэн цагийг дунджаар зарцуулж байгаагаа маш ойлгомжтой харах бололцоотой болсон. Энэ үр дүнгээ долоо хоног бүр эсвэл сар бүр ажиглаад юунд илүү цаг, юунд бага цаг зарцуулах хэрэгтэйгээ илүү баримттайгаар бодож үзэж болж байгаа юм.

Ингээд хувийн туршлага болон олж мэдсэн зүйлсээсээ дүгнэхэд хувийн сахилга баттай байхын тулд хийх гэж буй ажлынхаа зорилгыг зөв тавьж, хэцүү байвал амархан хийж болох жижиг хэсгүүдэд хуваан, төлөвлөгөөтэйгөөр урд удаан хугацаанд зуршил болгон хэрэгжүүлэх нь чухал юм байна.

Эх сурвалж: @azaakh

САНАЛ БОЛГОХ