Н.Мандуул: 500 тэрбум төгрөгийн бондын зарцуулалтыг бүтээн байгуулалт руу төвлөрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нийслэлийн бондын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд гарган арилжлаа. Нийт 500 тэрбум төгрөгийн бонд гаргаснаас цан цохиж, арилжаа эхлүүлснээс цагийн дотор захиалга дүүрсэн. Монголын хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүний эрэлт их байсан нь эндээс харагдаж байна.
Хоёрдугаарт, нийслэлийн бонд өгөөжийн өрөө гэж ярьдаг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлог байсан. Бодлогын хүү 11 хувь дээр байдаг. Богино хугацааны эрсдэлгүй хөрөнгө оруулалт ийм хувьтай байдаг гэсэн үг. Харин нийслэлийн бонд гурван хэсгээс бүрдэнэ. 1-3 жилийн хугацаатай. 1 жилийн хугацаатай нь 12, хоёр нь 13, гурав нь 14 хувьтайгаар гарсан. Богино болон дунд, урт хугацааны хүүгийн суурь түвшнийг тогтоосноороо санхүүгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, хөрөнгө оруулалт татах боломжийн суурийг тавьснаараа онцлог. Бондын зарцуулалтын хувьд, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Зам засвар, эрчим хүч, цэвэрлэх байгууламж дээр голлон анхаарна.
Мөн нийслэлийн хувьд, өр төлбөрийн харилцаанд анх удаа орж байгаагаараа онцлог. Тиймээс санхүүгийн сахилга батаа сайжруулах тал дээр бид хяналт тавин ажиллаж байна" гэв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй