Бодит байдал, үнэн төрх үнэндээ нуугаад, гоёчлоод байх зүйл биш шүү дээ

UB Info

Хүн ер нь камер харахаараа өөр болоод нэг дүрд орчихдог. Тэгэхээр би зургийг нь авах гэж байгаа хүнтэйгээ аль болох ярилцдаг, тэр дүрээсээ гарах мөчийг олж харахыг хичээнэ. Мэдээж, ярилцахгүй зураг авах үе ч гарна. Хүний сэтгэл хөдөлсөн, гунигтай, хөндүүртэй, шаналалтай байгаа төрх бүгд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Настай хүмүүсийн хөрөг үнэн, өөртөө нэг их ач холбогдол өгдөггүй, байгаагаараа бууна. Хүүхдүүд эго амбицгүй, ямар нэгэн дүрд тоглох шаардлагагүй учир түүгээрээ л гарна.

Зураг авч байхад ядаргаатай юм зөндөө. "Эгчийгээ хөөрхөн гаргаарай, туранхай гаргаарай" гэнэ. Өө эгч ч гэхгүй ах нар ч бас тийм. Яахав мэдээж бүгд л зурган дээр гоё гарахыг хүсэж байгаа л даа. Гэхдээ тэр нь жаахан хэтэрчихсэн. Одоо нэг улс төрч байж эсвэл спортын тамирчин мөртлөө Солонгос жүжигчин шиг зургаа авахуулна гэдэг. Маякл Жордан тэ? Бүгд л мэднэ шдээ тэр хүнийг. Тэр хүн зүгээр л арьсныхаа нүх сүвийг гаргачихсан, хөлөрчихсөн байгаагаар Наякийн рекламанд зургаа авахуулчихсан байгаа байхгүй юу. Тэр зургийг нь хүмүүс бүр сонгоод тавьчихсан байна. Монголд хэдэн заан бөх нарын зургийг авснаа царайг нь яг шаазан ваар шиг мөлчийсөн болгоод тавьчихсан байсан. Түрүүхэн Мобикомоос надад нэг ажлын санал тавихдаа "Бид нар бодит байгаа нөхцөл байдлыг үнэнээр нь харуулсан зураг чамаар авахуулмаар байна. Чи юу харж байна тэрийгээ л өөрийнхөөрөө аваарай!" гэсэн. Ер нь манай янз бүрийн байгууллагууд тийм санал тавьдаггүй шд. Тийм учраас би дуртай зөвшөөрсөн.

Тэд нар хотын захын, хөдөөгийн зарим сургуулиудад орчин үеийн шинэ кабинет хийж өгдөг төсөл хэрэгжүүлж байсан. Хувийн лаг сургуулиудад байдаг шиг кабинет, бараг илүү ч байж магадгүй. Гэхдээ тэр кабинетуудын зургийг авах нь миний даалгавар байгаагүй. Ер нь бол би нэг хүүхдийг дүр болгож сонгож аваад тэр хүүхдийн нэг өдрийн амьдрал хийгээд ямар нөхцөл байдалд байдгийг нь үзүүлнэ гэж тохирсон юм. Тэгээд сургуулиудаар зургаа аваад явж байгаад нэг орон нутгийн сургуулийн мэдээлэл зүйн кабинет дотор зураг авах болсон. Хоёр хүүхдийн дунд нэг нэг компьютер тавьчихсан байгаа юм. Гэхдээ тэр компьютерууд бүгд ажилладаггүй. Яасан гэсэн зүгээр зургаа авахуулах гээд дэлгээд тавьчихсан за юу. Багш нь өөрөө бүгдээрээ ажилладаггүй гэдгийг нь хэлсэн. Зарим сургуулиудын удирдлага нь "Манай энэний зургийг битгий аваарай. Чи зургаа авахдаа заавал энэ хүнтэй хамт явна. Зургаа авсныхаа дараа бид нарт үзүүлээд тавьж болох болохгүйгээ шийднэ" ухааны юм хүртэл ярьсан тохиолдол гарсан. Бодит байгаа байдлаа үзүүлмээргүй л байгаа байхгүй юу.

Манайхан чинь тэгээд нэг юу байдаг юм, боловсролын яамны хурган албан тушаалтан ирж байна гэхэд л аймар цэвэрлэгээ хийгээд шаагилдаад эхэлнэ шүү дээ. Хүн ирж байна гэхээр л бэлддэг. Тэгтэл үнэндээ намайг зураг авах гээд очиход хүүхдүүд түмпэнд ус хийгээд ангийнхаа шалыг гараараа угаадаг хэвээрээ л байсан. Ямар ч бээлий байхгүй. Урьд нь бидний үеийнхэн жижүүр хийхээрээ яаж шалаа угаадаг байсан юу ч өөрчлөгдөөгүй. Улбар шар самбараа нэг цэнхэр ногоон самбараар л сольсон байсан байх. Надад бол миний сурч байсан үеийнхээс ямар ч ялгаа харагдаагүй. Ер нь сургууль дээр ч гэлтгүй манайхан бүгдээрээ л нэг тиймэрхүү, бодит үнэн байдлаа харуулахыг хүсдэггүй. Гэтэл бодит байдал, үнэн төрх үнэндээ нуугаад, гоёчлоод байх зүйл биш шүү дээ.

“Дотуур байрны хүүхдүүд өглөө эртлэн босож энэ хүүхэлдэйгээ үзчихээд сургуульдаа явах гэж буй нь”

Түүний авсан баримтат зургуудыг сонирхохыг хүсвэл: injinaash_bor

Эх сурвалж: ChoironGoo

САНАЛ БОЛГОХ