Эмброс ба Равкан нарын ачаар хүн төрөлхтөн нэг том алхам урагшиллаа

UB Info

2024 оны Нобелийн Физиологи, Анагаах ухааны шагналын эзэд зарлагдлаа. Удамшлын буюу генетик мэдээллийн дагуу эсүүд үйлдвэрлэгддэг. Энэхүү мэдээлэл эсийн цөм буюу бөөм дотор орших ДНХ хэмээх онцгой молекул дээр бичээстэй бий.

ДНХ-д агуулагдах генетик мэдээлэл нь “транскрипц” хэмээх процессын хүрээнд мэдээлэгч РНХ буюу мРНХ-гийн тусламжтайгаар зөөгдөж, тодорхой эсийн бүтцүүдэд хүргэгдэж, шаардлагатай уургууд үйлдвэрлэгддэг. Бидний бие, эрхтнүүдийг бүтээх эс бүхний цөмд ижилхэн ДНХ мэдээлэл байдаг. Гэтэл эсүүд олон янз. Булчингийн эс, мэдрэлийн эс, цусны эс гэх мэт. Эдгээр эсүүдийн уургийн бүтэц нь ялгаатай. Тэгвэл ижилхэн ДНХ мэдээллийг агуулах атлаа яаж ингэж өөр төрлийн эсүүд бүрэлдэн цогцлоо вэ? Энэ тун сонирхолтой асуулт. Харин хариулт нь тухайн төрлийн эсэд тодорхой бүлэг генийг идэвхжүүлэх үүрэгтэй нарийн механизм ажиллаж байгаа явдал ажээ. Энэ хариултыг олсон эрдэмтэд болох Виктор Эмброс ба Гэри Равкан нар энэ жилийн Нобелийн шагналыг хүртлээ. Тэд гений зохицуулгад чухал үүрэгтэй шинэ төрлийн бяцхан РНХ молекулын бүлэг болох “микро РНХ”-г нээжээ.

Эдгээр бяцхан молекулуудын бие жижиг ч бэлчээр нь том юм. Тэд хувьслын механизмын чухал түлхүүр ба гений зохицуулгын гол тоглогч нар аж. Генийг зохицуулах механизмыг бид сайтар судлах хэрэгтэй. Учир нь хэрэв гений зохицуулга буруу ажиллавал хорт хавдар, чихрийн шижин, дархлааны системд асуудал үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж болдог.

Тиймээс бид энэ сэдвийг сайтар судлаж байж амьд организмыг илүү гүн ойлгоно. Эмброс ба Равкан нарын ачаар хүн төрөлхтөн нэг том алхам урагшиллаа.

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ