“Hanergy” нарны эрчим хүчээр ажилладаг автомашин бүтээнэ

Мэдээ

БНХАУ-ын “Hanergy” групп нарны эрчим хүчээр ажиллах боломжтой дөрвөн төрлийн автомашины концепт загвараа танилцуулж, ирэх гурван жилийн дотор үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ. Дөрвөн төрлийн загвар нь цэнэг хураагуур болон нарны эрчим хүчний системээр хослон ажиллах боломжтой байх ажээ. Цэнэг хураагуур нь энгийн ион цэнэг хураагуур байх бөгөөд бүх цахилгаан станцууд дээр цэнэглэлт хийх боломжтой гэж тус компанийн зүгээс мэдээллээ. “Hanergy” компани нь дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч бөгөөд нимгэн нарны зай хураагуур үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн 2014 онд АНУ-д төвтэй нарны эрчим хүчний чиглэлийн компани болох “Alta Devices”-ийг худалдан авч хүрээгээ тэлжээ. Ингэснээр тус компанийн “AnyLight” технологийг хөгжүүлэн цахилгаан автомашины зах зээлд орж ирэх боломжтой болсон байна. “Hanergy” компани эхний ээлжинд шинээр гаргах автомашиныхаа 31.6 хувь нь цэвэр нарны эрчим хүчээр ажиллуулах боломжтой байхаар бүтээхээр төлөвлөжээ. Харин 2020 он гэхэд 38 хувь болгож улмаар 2025 он гэхэд автомашиныхаа 42 хувийг цэвэр нарны эрчим хүчээр ажилладаг болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Цаашид 100 хувь нарны эрчим хүчээр ажиллах автомашин бүтээхийг зорьж байгаа юм байна.    


САНАЛ БОЛГОХ