Режеп Тайип Эрдоан: Зэвсэгт хүчний цөөнх армийн удирдлагын зарчмыг зөрчиж, Төрийн эргэлт хийхийг оролдлоо
Турк улсын арми Төрийн эргэлт хийх оролдлого хийсээр байна. Харин Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “Одоо ч эрх мэдлээ алдаагүй, улсаа удирдсан хэвээр байгаа” гэж мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Бинали Илдрим “Төрийн эргэлт хийх оролдлогыг ерөнхийдөө намжаасан” гэж мэдэгдээд байна. Мөн бослогод оролцоогүй зэвсэгт хүчний дээд албан тушаалтнууд Төрийн эргэлт хийх оролдлогыг ихэд буруушааж байна гэсэн юм. Албан эх сурвалжийн мэдээлснээр одоогоор 750 гаруй бослогод оролцсон байж болзошгүй хүнийг баривчилж, Төрийн эргэлтийг удирдсан генералуудын нэг алагдсан байна. Төрийн эргэлт хийх оролдлогын үеэр 60 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдсоноос 17 нь цагдаагийн ажилтан байгаа юм. Харин шархдаж, бэртсэн хүмүүсийн тоо 1000 даваад байна. Мөн Туркийн Засгийн газрын мэдээлснээр энэхүү үйл явдалтай холбоотойгоор 29 хурандаа, таван генералыг ажлаас нь чөлөөлсөн байна. Төрийн эргэлт хийх оролдлогын үеэр босогчдод барьцаалагдаад байсан зэвсэгт хүчний тэргүүн генерал Хулуси Акарийг сулласан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан иргэддээ хандаж нэгдэх уриалга гарган мэдэгдэл хийлээ. Тэрбээр Турк улс айж сүрдэхгүй, Төрийн эргэлт хийхийг оролдогчдод хатуу хариуцлага тооцно гэж онцолжээ. Режеп Тайип Эрдоан “Зэвсэгт хүчний цөөнх армийн удирдлагын зарчмыг зөрчиж, Төрийн эргэлт хийхээр оролдлоо.
Туркийн Батлан хамгаалахын яам Төрийн эргэлт хийхийг оролдогчдыг баривчилж эхэлсэн. Энэхүү ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, эцсийг нь үзнэ. Туркийн эрх баригчид хаашаа ч явалгүй ард түмэнтэйгээ цуг байх болно. Тэрслүү этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно. Яг одоо Засгийн газрыг дэмжсэн олон сая иргэд үзэл бодлоо илэрхийлэн гудамж талбайд жагсаад байна” гэж мэдэгдлээ. НАТО-ийн холбоотнууд болон АНУ, Германы удирдагчид тус улсын ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газрын талд зогсож байгаагаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсад болж буй АSЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини болон Европын Холбоо, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч нар нэгдсэн мэдэгдэл хийж "Туркийн Засгийн газрыг дэмжиж байгаа, цэргийн хүчээр засгийн эрхийг авах нь зохисгүй " гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна Туркийн Монгол Улс дахь Элчин сайдын яам, Гадаад хэргийн яамтай хамтарч мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд "Турк улсын Засгийн газрын эсрэг Төрийн эргэлт хийх оролдлогыг Турк улсын ард түмэн хамтдаа, нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцлээ. Турк улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэхүү хэрэг явдалд Туркийн Зэвсэгт хүчин нийтээрээ татагдаж оролцоогүй бөгөөд Туркийн зэвсэгт хүчин доторх бүлэглэлийн зохион байгуулсан тус ажиллагаанд Туркийн ард түмэн зохих хариуг нь барьсан болно" гэсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй