Ногоон бас тохилог

Экологи

Тасалгааны цэцэг өрөөг чимж бас хөглөрүүлж чадна

Хүмүүс гэрээ тохижуулахдаа тасалгааны цэцгээс зайлсхийх нь элбэг. Учир нь ихэнх тохиолдолд гэрийг чимэх биш, хөглөрч харагддаг тал бий. Хэрэв та тасалгааны цэцэг ургуулахдаа маруухан бол бүр ч зайлсхийж магадгүй. Гэсэн ч ургамал биднийг тайвшруулж, эрч хүчтэй болгон, хүчилтөрөгчөөр хангаж байдгийг бүү мартаарай.

Модерн загварын дотоод засал чимэглэлд тасалгааны цэцэг ашиглах нь таны хувьд сорилт байж мэдэх юм. Учир нь ийм төрлийн загвар ихэвчлэн цэвэр цэмцгэр, илүү дутуу зүйлгүй, энгийн байдаг. Тиймээс байгаль зэрлэг, задгайдуу байдлаараа үүнтэй зөрчилддөг. Гэлээ гээд модерн загварын өрөөнөөс ногоон өнгийг арчих хэрэгтэй гэсэн үг биш. Тасалгааны цэцгийг зөв савлаж, зөв байрлуулснаар өрөөнд буй бусад чимэглэлийн адил чухал, бүтээлч зүйл болох боломжтой. Ингэхийн тулд дотоод засал чимэглэлийн “Decorilla” болон цэцэрлэгжүүлэлтийн “Brooklyn plantology” компанийн хамтран гаргасан дараах зааварт анхаарлаа хандуулна уу.

Модерн хэв маягийн геометрийн өнцөгтэй кактус төгс зохицдог. Кактусыг загасны дугуй аквариум шиг атлаа том амсартай саванд хийж, элс, мөлгөр чулуугаар чимэглэхэд тэнгэр, газар, ургамлыг илтгэн орон сууцад бяцхан байгаль үүсгэдэг. Түүнчлэн шилэн сав жижиг талбайтай байранд хамгийн тохиромжтой байдаг. Орчин үеийн, цагаан өнгө зонхилсон дотоод засал чимэглэл бүхий өрөөний нарны гэрэл тусдаг аль нэг буланг сонгон авч, тасалгааны цэцэг байрлуулаарай. Цэцгийн дэргэд цагаан шүүгээ, намхан, дугуй сандал, эсвэл буйдан, ганц нэг ханын зураг байрлуулна. Ингэснээр байгалийн тод ногоон өнгө цагаан буланг тань “амь оруулах” болно.

Нэг саванд нэг төрлийн ургамал байх албагүй. Дотоод засал чимэглэлээ илүү бүтээлч байлгахыг хүсвэл та олон өнгийн цэцэгтэй кактусыг нэг том саванд хийж болно. Эсвэл нэг өнгөтэй хэрнээ том, жижиг хэмжээтэй саванд цэцэг, ургамлаа байрлуулахад л гайхалтай харагддаг.

Өндөр ургадаг, модлог цэцгийг дөрвөлжин, жижиг, цагаан өнгийн саванд хийж, нарны шууд тусгалгүй өрөөний хоосон буланд байрлуулаарай. Ингэснээр өрөөний бүтэц дугуйрч, эвтэйхэн мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ хэт өндөр бол цонх, нарны гэрэл хаадгийг анхаарна уу.

Тасалгааны ихэнх цэцэг нарны шууд бус тусгалтай орчинд таатай ургадаг. Тиймээс бүх цэцгээ цонхны нарийн тавцан дээр багтаах гэж хичээх хэрэггүй. Намхан ургадаг бол цайны ширээн дээр жижиг саванд хийж болно. Мөлхөө ургамлыг таазны гол юм уу, цайны ширээ, эсвэл цонхны ойролцоо өлгөх боломжтой.

Нар тусдаггүй өрөөнд, бараан өнгийн хана, хүнд, зузаан жаазтай зураг, бүсэлхийнээс өндөр, арьсаар бүрсэн буйдан зохимжгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Цэцэг ч мөн адил. Тиймээс нар бага тусдаг өрөөнд аль болох цагаан, цайвар өнгийн сав сонгоорой.

Манайд өргөн хэрэглэдэг тасалгааны цэцгийн арчилгааг хүргэж байна.

Мөнгөний мод буюу Красулла

Гэрэл: Дунд зэргийн тасалгааны гэрэл, эсвэл шууд бус нарны гэрэлд байлгана Усалгаа: Ус бага шаарддаг учир мөнхрөөтэй төстэй. Хөрс нь гүйцэд хаттал услахгүй. Хэлбэрийг нь алдахгүйн тулд мөчрийг тайрч болно. Үхсэн навчийг авах нь зүйтэй.

Араукария болон Аглаонема

Гэрэл: Тасалгааны бүдэг, эсвэл нарны шууд бус хурц гэрэлд таатай ургана. Усалгаа: Хөрсийг нь усархаг биш чийгтэй байлгана. Манантай цаг агаарт таатай байх тул ус шүршиж өгвөл сайн. Гундаахай буюу Диффенбахи я Гэрэл: Зуны улиралд байгалийн гэрэлд илүү сайхан ургана. Усалгаа: Маш их усалгаа шаарддаг ч хөрс нь усархаг биш чийглэг байх хэрэгтэй. Гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл долоо хоног бүр усалж, бордоно. Харин өвлийн улиралд усалгааг багасгаж, бордоо хэрэглэхгүй.

Кактус

Гэрэл: Өдөр бүр дор хаяж дөрвөн цаг нарны шууд гэрэлд байлгах шаардлагатай. Усалгаа: Гадаргын нэг сантиметр орчим хөрс хуурай байвал усална. Услахдаа хөрсийг дэвтээлгүйгээр чийглэх учиртай. Дийлэнх кактусыг долоо хоногт нэг удаа услах хэрэгтэй байдаг. Харин өвлийн улиралд бараг услахгүй. Сард нэг удаа хөрсийг бага зэрэг чийглээрэй.

Мөнхрөө

Гэрэл: Мөнхрөө хурц гэрэл, мөн нарны шууд тусгалд тэсвэртэй тул цонхны ойролцоо байрлуулахад тохиромжтой.

Усалгаа: Усалгаа хооронд хөрсийг бүрэн хатааж, өвөлдөө бага усална. Хуурай, элсэрхэг хөрсөнд таатай ургадаг.

Дра цена

Гэрэл: Хурц гэрэлд сайхан ургана.

Усалгаа: Тасалгаа хэт хуурай бол услах шаардлагатай. Тэдэнд бага зэргийн чийг байхад хангалттай.

САНАЛ БОЛГОХ