Шөнийн дотор байлдан дагуулсан “Pokemon GO”

Технологийн цаг

Носталгия ямар хүчтэйг харууллаа

Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд шөнийн 11.00 цагт бослого гарч байна гэж бодов. Хэдэн зуун хүн утсаа урдаа барьчихсан, орилолдон гүйж байна. Зарим нь машинаа замын голд орхиж, олонд туугдан нэг тийш гүйнэ. Энэ үймээнийг утсаар бичиж авсныг BBC, CNN, CBS, NBC тэргүүтэй мэдээллийн бараг бүх агентлаг дамжуулав. Дэлхийн томоохон хэвлэлүүд тэргүүн нүүртээ энэ тухай бичиж, “Facebook”, “Twitter” тэргүүн суудлаа алдлаа. Олон улсыг юу ийнхүү байлдан дагуулав?

Энэ бол 90-ээд оны нэрт “Pokemon” хүүхэлдэйн киноны шинэ видео тоглоом юм. Хачирхалтай байгаа биз. Бидний мэдэх нөгөө л нэг баатрууд, мангасууд шүү дээ. Юу нь тийм шинэ, өвөрмөц болоод олон нийтийг ийнхүү татав. Үнэн хэрэгтээ эргэн дурсахуйг орчин үеийн шинэ технологитой хослуулсан нь хүмүүст таалагдсан гэж ажиглагчид үзэж буй.

Нээлтээ хийгээд долоо хоносон “Pokemon GO ” тоглоомын зарим амжилтаас дурдъя. Тус тоглоомыг өнгөрсөн пүрэв гарагт л гэхэд АНУ-д 26 сая хүн тоглосон тухай “Survey Monkey”-гаас мэдээлжээ. Энэ бол “Facebook”, “Twitter”, “Candy Crush”, “Clash Royale”, “Snapchat” гээд бидний мэдэх бүхий л томоохон аппликэйшнийг ардаа орхисон тоо. Дэлхий даяар харин нийт 3.5 тэрбум тоглогч байгаа аж. Энэ тоо цаашид өсөх нь дамжиггүйг томоохон хэвлэлүүд онцоллоо. Түүнчлэн хүмүүс өдөрт фэйсбүүкт зарцуулдгаас их цагийг “Pokemon GO ” тоглон өнгөрүүлж байна. Энэхүү тоглоомын in-app худалдан авалт (тоглоом тоглох явцад хийх худалдан авалт) дээд тал нь 99.99 ам.долларт хүрч буй нь ажиглагчдыг ч гайхшрууллаа.


“Pokemon GO ” видео тоглоомыг гаргаснаас хойш “Nintendo” компанийн үнэ цэнэ долоон тэрбум ам.доллараар нэмэгдэж, хувьцааных нь үнэ 10 хувиар өсөөд буй.

Шинэ трендийг дагаад “покемондох”, “поке зогсоол”, “покемончид”, “поке бөмбөлөг” зэрэг шинэ үг хэллэг гарлаа. Тоглогч ухаалаг гар утасныхаа камерыг ашиглан явж, 150 орчим Покемон олох ёстой. Тэд хаана ч байж болзошгүй. Таны будаатай хуургатай аяган дотор, буйдангийн ард, автобусны буудал дээр, жалга дотор гээд л. Покемон хайж явсаар 10 км алхсан ч хүн байгаа аж. Ерөнхийдөө тус тоглоом нээлтээ хийснээс хойш гудамжинд алхах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Үүнийг дагаад жижиг дэлгүүр, цайны газруудын ашиг орлого ч өссөн байна. Тухайлбал, Нью- Йоркийн пиццаны мухлагуудын орлого дунджаар 75 хувиар нэмэгдсэн. Лос-Анжелесын метро Твиттерт “Pokemon GO ” хэмээх хаяг нээж, аль зогсоолд мангасууд нуугдаж байгаа талаар зөвлөгөө өгөх болов. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллагууд ч анхаарлаа хандуулсаар буй. Тэдний дундаас цагдаа, хууль сахиулахынхан онцгой анхаарч байна. Мужуудын цагдаагийн байгууллагаас машин барихдаа “Pokemon GO ” тоглохгүй, харанхуйд
гэрээсээ хол, аюултай газраар явахгүй байхыг сэрэмжлүүллээ. Учир нь “Pokemon GO ” тоглож байгаад мод, цагдаагийн машин мөргөсөн хэргүүд гарсан аж. Тиймээс зарим тоглогч жолооч хөлслөөд өөрөө тоглох болжээ.

“Pokemon GO ” тоглоом нээлтээ хийснээс хойш хачирхалтай олон хэрэг гарав. Тухайлбал, нэг хүн мангас хайн явж байгаад цогцос олсон. Өсвөр насны хоёр хүүхэд айлын хашаа руу орж, эзэн нь гал нээсэн. Гэхдээ хэн ч бэртээгүй. Долоо хоногийн дотор тус тоглоомд донтсон хүмүүс ажлаасаа өөрийн хүслээр гарч эхлэв. Нэгэн тоглогч “Би энэ тоглоомын хохирогч болж, амьдралаа алдлаа. Энэ бүхэн эхлэхээс өмнө би энгийн нэгэн байсан юм” хэмээн “Slate” сэтгүүлд өгүүлжээ. Мангас хөөж яваад нүхэнд унасан, хөлөө хугалсан, шагай мултарсан хүн олон байгаа юм. Гэхдээ энэ бүхэнд тэд “Nintendo” компанийг буруутгаагүй байгааг “National Post” хэллээ.

“Nintendo”-гийн 20 жилийн өмнө гаргасан “Pokemon” видео тоглоомын цуврал ийнхүү олон улсад тэсрэлт хийж чадлаа. Дашрамд дурдахад, “Pokemon GO ” тоглоом Монголын “Appstore”, “Playstore”-д хараахан нэмэгдээгүй байна. Гэхдээ интернэтийн өөр эх сурвалжуудаас татах боломжтой юм.
САНАЛ БОЛГОХ