ДОЛДУГААР САРЫН 15-НЫ ЗУРАГЛАЛ

Дэлхийн хандлага

Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-16-ны шөнө болсон цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүй болсны зарим шалтгаан тодорч эхэлж байна. Цэргийн эргэлт хийх гэж байгааг Туркийн тагнуулын газар урьдчилан мэдэж, Зэвсэгт хүчний жанжин штабт мэдээлснээр тус штаб армийн техник хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй байх үүргийг өгсөн байна. Үүнийг мэдсэн хуйвалдагчид 2016 оны долдугаар сарын 16-ны шөнийн 03.00 цагт эхлэх гэж байсан ажиллагаагаа 15-ны оройн 22.00 цагийн үед хийхээс өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, тэд илчлэгдэж баригдахаас айсандаа цэргийн эргэлт хийх ажиллагааг төлөвлөснөөсөө бараг зургаан цагийн өмнө эхлүүлсэн байна. Долдугаар сарын 15-ны өдрийн зураглалыг үзүүлбэл.

15.00 цаг орчим. -Үндэсний тагнуулын газар / ҮТГ/ Анкарагийн Гүвержинлик дэх Агаарын ба хуурай замын цэргийн сургуулийн командын байранд идэвхтэй хөдөлгөөн болж байгаа тухай мэдээлэл авчээ.

16.00 цаг орчим. - ҮТГ-ын дарга Хакан Фидан энэ тухай Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дарга Хулуси Акарт мэдэгдэв.

17.30 цаг орчим. -ҮТГ-ын орлогч дарга ЗХЖШ- т ирж, жанжин штабын орлогч дарга Яшар Гүрэлтэй уулзаж ярилцжээ. Мөн энэ үед. -Хуурай замын цэргийн командлагч Зеки Чолак өөрийн орлогч Ихсан Уяарыг Гүвержинлик рүү явуулж, тэнд юу болж байгааг шалгууллаа.

18.00 цаг орчим. -ҮТГ-ын дарга Хакан Фидан ЗХЖШ-т ирж, Хулуси Акар, Зеки Чолак нартай уулзсан байна.

18.30 цаг орчим. - ЗХЖШ-ын дарга Хулуси Акар Туркийн агаарын орон зайг хаах, цэргийн бие бүрэлдэхүүн болон зэвсэг техникийн хөдөлгөөнийг зогсоох тушаал гаргаж, цэргийн бүх анги, нэгтгэлүүдэд илгээв.

20.00 цаг орчим. -Цэргийнхэн сэжигтэй бэлтгэл ажил хийж байгаа тухай Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд мэдэгджээ.

21.00 цаг орчим. - ЗХЖШ-ын даргын цэргийн туслах болон хамгаалагчид Хулуси Акар, Зеки Чолак, Ихсан Уяар, Яшар Гүрэл нарыг барьж, Анкарагийн цэргийн нисэхийн Акынжылар баазад авчран хорионд орууллаа.

22.00 цаг орчим. -ЗХЖШ, Туркийн төв телевизийг /ТРТ/ эзлэх, Босфорын хоолой дээгүүрх хоёр гүүрийг хаах ажиллагаа эхлэв.

23.24 цаг. -Анкарагийн Гөлбаши дүүрэг дэх Цагдаагийн тусгай хүчний төвд дэлбэрэлт болов.

23.30 цаг. -Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарч эхэлснийг телевизээр мэдэгдэв. Цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого ерөнхийдөө ийм дүр зурагтай эхэлсэн байна. Гэвч уг оролдлого долдугаар сарын 16- ны шөнийн 03.00 цаг 30 минутын үед үндсэндээ дарагдсан байна.

САНАЛ БОЛГОХ