“Хавдрыг эмчлэх зардлыг даатгалаас олгодог болсон”

Эрүүл мэнд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул даатгалын шимтгэл мөн өснө

Эрүүл мэндийн даатгалын санд хэчнээн төгрөг төвлөрдөг, энэхүү төсөв хөрөнгөөр эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлдэг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд энэ жил хэчнээн төгрөг төсөвлөв. Энэхүү мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2016 онд 320 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үүнд даатгуулагчдын 93 хувь нь хамрагдах тооцоо бий. Учир нь энэ жил ажилгүй иргэд болон оюутан сурагчдын шимтгэлийн хувь хэмжээ бага зэрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгуулагчийн тоо буурч байна. Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж шимтгэлийн хувь хэмжээг тогтоох ёстой байдаг. Тиймээс ирэх жил ч гэсэн мөн л нэмэгдэх болов уу. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн дөрөвдүгээр сард 240 мянган төгрөг болгож нэмсэн. Гэхдээ үүний цаана ямар үйлчилгээ явагдаж буйг иргэд тэр бүр мэддэггүй. Жишээлбэл, амбулаторийн тусламж үйлчилгээг нэг хүн авахад 15 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг. Тэгэхээр иргэдийн сард төлж байгаа 46 мянган төгрөг ердөө гуравхан удаа эмчид үзүүлэх зардал юм. Мөн улсын эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхэд улиралд 165 мянган төгрөгийг нь даатгалын сангаас хөнгөлдөг. Түүнчлэн улсын болон хувийн эмнэлэгт хэвтэх зардлын тодорхой хувийг төлдөг. Үүнд 122 оношийн бүлгээр нэг удаа хэвтэн эмчлүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 260- 800, хувийнх 140-500 мянган төгрөгийг төлж байна. Дээрээс нь өдрийн эмчилгээ, уламжлалт болон сувилалд хэвтэх, эм худалдан авахад нь даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй мэс засалд мөнгө төсөвлөдөг болсон гэсэн. Энэ хэр үр дүнтэй байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 29-нд шинэчилж, баталсан. Шинэ хуульд зааснаар өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ шаардагдах эмнэлгийн мэс заслын хэрэгслийн зардлыг даатгалын сангаас олгож эхэлсэн. Энэ үйлчилгээ иргэдэд тун хэрэгтэй байгаа. Учир нь 15 мянган төгрөгөөр яригдах мөнгөн дүн биш юм. Жишээлбэл, нэг удаагийн оёгч аппарат гэхэд 1.2 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь тухайн өвчтөний хэтэвчнээс гардаг байсан. Бид үнийн дүнгийн дунджаар тооцоод 75 орчим хувийн зардлыг олгож байна. Найман сая төгрөгийн хагалгаа хийсэн байлаа гэхэд зургаан сая гаруйг нь даатгалаас төлөх жишээтэй. Энэ мэтчилэн өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийг ч төлж эхэлсэн. Өмнө нь энэ төрлийн хагалгаа Монголд маш цөөхөн хийдэг байсан бол даатгалын сангаас тодорхой хэмжээний төлбөр төлж эхэлмэгц хагалгаа хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жилээс хойш 107 нэр төрлийн эмнэлгийн үйлчилгээг нийт 100 орчим иргэнд үзүүлж, 3.4 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.

» 107 нэр төрлийн эмнэлгийн үйлчилгээг нийт 100 орчим иргэнд үзүүлж, 3.4 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.
» Хөнгөвчлөх эмчилгээ улсын эмнэлэгт хэвтэхэд 300, хувийн эмнэлэгт хэвтэхэд 175 мянган төгрөгийг даатгалын сангаас олгодог.
-Сүүлийн жилүүдэд манайд хавдрын өвчлөл нэмэгдсэн. Үүнд даатгалын сан хэрхэн анхаарч, ямар тусламж үзүүлж байна вэ?

-Хорт хавдрын химийн туяа эмчилгээг хөнгөвчлөх эмчилгээний зардлыг даатгалын сангаас олгодог болсон. Туяа эмчилгээний зардлыг өдрийн эмчилгээний зардлаар тооцож өгдөг. Нэг удаагийнх нь 66000 төгрөгийг даатгалын сангаас олгож байгаа. Нэг химийн туяа эмчилгээнд 20 удаа орсноор нэг курс болдог. Хими эмчилгээг дээд тал нь зургаан удаа хийлгэдэг. Нэг удаа эмчлүүлэх 450 мянган төгрөгийг даатгалын сангаас мөн олгож байгаа. Түүнчлэн хөнгөвчлөх эмчилгээг улсын болон хувийн эмнэлгээр үзүүлэх үйлчилгээг эхлүүлээд байна. Улсын эмнэлэгт хэвтэхэд 300, хувийн эмнэлэгт хэвтэхэд 175 мянган төгрөгийг даатгалын сангаас олгодог.

-Эрсдэлийн сангийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?


-Даатгуулагчаас цугласан хэсэг мөнгийг эрсдэлийн санд байршуулдаг. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд бүх хүн тухайн жилийнхээ шимтгэлийг төлдөг. Тиймээс бүгд эмнэлгийн тусламж авах боломжгүй болно. Сар сараар шимтгэлээ төлснөөр эрүүл мэндийн даатгалын санд мөнгө хуримтлагдана. Иймд эхний дөрөв, таван сард эмнэлгийн тусламж үзүүлсэн хүний зардлыг заавал төлөх хэрэгтэй болдог. Хүмүүсийн шимтгэл цугласны дараа төлнө гээд сууж болохгүй шүү дээ. Тиймээс эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эрсдэлийн санд мөнгө төвлөрүүлдэг. Шимтгэл цугласны дараа буцааж хуримтлал үүсгэдэг.

САНАЛ БОЛГОХ