Панамын тухай үнэн түүх

Дэлхийн хандлага

“Мэргэн ухаан, мэдлэг хураа. Хурааснаа ашиглан ойлголтыг олж ав”

Ойрын үед Панам гэдэг нэрийг сонсуут л “Панамын бичиг баримт” санаанд орох болсон нь тун харамсалтай. Би саяхан энэхүү Америкийн жижиг улс руу зочилсон бөгөөд өөрийн биеэр хүн бүр мэдээд байдаггүй зүйлсийг олж харсан. Панам нь эдийн засгийн жилийн дундаж өсөлтөөрөө XX I зуунд бараг хамгийн өндөрт орохуйц амжилтын түүхтэй юм. Өнгөрсөн жил өсөлт нь зургаан хувиас буурсан бол энэ жил зургаан хувь дөнгөж давах магадлалтай байгаа. Хэдийгээр Хятадын өсөлттэй харьцуулахад Панамын өсөлт нь арай бага хэдий ч тоо баримт нь илүү бодитой юм. Мөн Панамын өсөлт нь дэлхийн ихэнх улс орнуудын эдийн засгийн өсөлтөөс хэдэн гэрлийн жилээр түрүүнд явж байна.

Панам нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байгаа шиг бохир, мөнгө угаадаг зогсонги газар биш. Харин ч эсрэгээрээ дэлхийн болон Латин Америкийн санхүүгийн байгууллагууд олноор байрлах болж, бүсийнхээ санхүүгийн төв болон хувирч байна. Тус улс нь ил тод байдлаа сайжруулах томоохон алхмууд хийсэн. Мөнгө угаалтын эсрэг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force) нь энэ жилээс Панамыг саарал жагсаалтаасаа хассан юм. Мөн 2012 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) нь “tax haven” буюу татвараас бултах боломжтой бүс, улс орнуудын хар жагсаалтаас хассан аж. Үүнээс гадна хувьцаа эзэмшигчийн тодорхой нэргүй гэрчилгээ олгохыг хориглох зэрэг олон хуулийн өөрчлөлтүүдийг хийсээр байна. Панам 2018 он гэхэд OECD-ийн ил тод байдлын стандартад нийцэхүйц улс болохоор ажиллаж байгаа юм.

» Панам нь эдийн засгийн жилийн дундаж өсөлтөөрөө XXI зуунд бараг хамгийн өндөрт орохуйц амжилтын түүхтэй.

» Өнгөрсөн жил тус улсын эдийн засгийн өсөлт нь зургаан хувиас буурсан бол энэ жил зургаан хувь дөнгөж давах магадлалтай байна.

» Панам дэлхийн болон Латин Америкийн санхүүгийн байгууллагууд олноор байрлах болж, бүсийнхээ санхүүгийн төв болон хувирлаа.

Хөрөнгө оруулагчид Панамыг гэрэлт ирээдүйтэй гэж боддог. Саяхан засгийн газар нь 1.2 тэрбум ам.долларын бонд гаргасан бөгөөд тун хурдан анх санал болгосноосоо давсан захиалга хүлээн авсан юм. Гэсэн хэдий ч тус улсын Засгийн газрын өр ДНБ-ийхээ зөвхөн 40 хувьтай тэнцэж байгаа аж. Харин АНУ-д энэ үзүүлэлт 100 хувиас аль хэдийнэ давсан. Панам ачаа тээврийн хувьд Америк тивийн эдийн засгийн гол уулзвар болон хувирсан. 1999 оноос эхлэн Панамын сувгийн удирдлагыг авснаас хойш үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа. 1993 онд энэ түүхт сувгаар жилд дамжин өнгөрөх чингэлгийн тоо 267,000 байсан бол өнөөдөр 6 саяас хол давсан байна. Зургадугаар сард нээлтээ хийх, өдгөөгийн мега усан онгоцнуудыг хүлээн авах чадалтай гурав дахь шлюз буюу усны түвшин өөрчлөх талбайг барьж дуусгаснаар энэ тоо нь 12 саяас хол давах учиртай. Энэ хөдөлгөөний өсөлтөөс үүдэлтэй дэд бүтцийн нүсэр их хөгжил нь мэдээж улсын хөгжилд ихээр нөлөөлсөн. Бусад улс орнууд засгийн газрын мэдэлд байдаг газрын тосны компаниудиа улс төрийн ойрын хугацааны хөшүүрэг болгон ашигладаг шиг Панамын сувгийг ашиглаагүй нь засгийн газрын хувьд ухаалаг үйлдэл болсон юм. Сувгийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд үүнээс үүссэн худалдааны өсөлт нь сувгаас олох засгийн газрын орлогын хэмжээг нэмэгдүүлсэн аж.

Панам томоохон компаниудад Латин Америкийн бүс нутгийг хариуцсан оффисоо Панамд байгуулах маш таатай нөхцөл бүрдүүлэх 41 дүгээр хуулийг хэрэгжүүлээд арваад жил болоод байна. Procter & Gamble зэрэг 100 гаруй үндэстэн дамнасан корпорациад үүний дагуу оффисоо байгуулсан юм. Компаниудын хорхойг хүргэдэг олон зүйлсийн нэг нь байгууллагын ажилчид нь Панамд орлогын татвар төлдөггүй байдал. Эдгээр оффисууд баригдах нь Панамын сувгийн адилаар дэд бүтэц хөгжихөд ихээхэн нөлөөтэй байдаг байна. Үүн дотор сургууль хүртэл багтдаг.Панамын томорсоор буй нисэх онгоцны буудал нь бүс нутгийн чухал дамжин өнгөрөх төв болоод байна. Тус буудал дээр газардсан зорчигдын 68 хувь нь дамжин өнгөрөх зорчигчид юм.

Нью-Йорк болон Чикагог тооцохгүйгээр дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн олон тэнгэр баганадсан барилгатай хот нь Панам бөгөөд энд Латин Америкийн хамгийн өндөр 25 барилгын 16 нь бий. Сан-Паулу, Мехико, Буэнос-Айрес зэрэг мега хотууд байрладаг бүс нутгийн хувьд энэ нь гайхалтай үзүүлэлт. Энэ тэлэлтийг даах шаардлагатай дэд бүтцийг бий болгох тал дээр Панам маш анхааралтай ажиллаж байна. Панамд томоохон гүүрэн төмөр зам (monorail)-ийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд бизнесийн аялал жуулчлалыг дэмжих хурал цуглаан, үзэсгэлэн зохион байгуулах төвийн барилга дуусахад бэлэн болсон байна.

Цаашдаа маш ирээдүйтэй бас нэг өсөлтийн эх үүсвэр нь эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар юм. Жишээлбэл Johns Hopkins тэнд маш том эмнэлгийн байгууламжтай. Барууны орнууд, ялангуяа Европын эрүүл мэндийг хамгаалах систем нь бараг дампуурч байгаа нь Панамын үзүүлж байгаа боломжийн үнэтэй, өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээний эрэлтийг ихээр нэмэгдүүлж байна.

Панам хот олон үндэстэн нэг дор суурьшсан дэлхийн хэмжээний хот болон хувирч байна.

Хуучин АНУ-ын нисэх хүчний бааз байсан 18 км.кв Панам Пасифико гэх газар гайхалтай шинэ хот босч байгаа тухай саяхан Форбес (дөрөвдүгээр сарын 19-ний дугаарын 108 дугаар хуудас) нийтэлсэн билээ. Хэд хэдэн компани болон мянга мянган оршин суугчдад зориулсан олон тэрбум долларын өртөгтэй барилгууд аль хэдийнэ баригдсан байна. 2007 онд Колумбын нэгэн тэрбумтан болон Лондонд төвтэй барилгын компани хоёрын нэгдсэн синдикат тухайн газар нутгийг хөгжүүлэх эрхийг Панамын хүчирхэг гэр бүлүүдээс бүрдсэн компаниас өрсөн авчээ. Ялалт байгуулсан барилгын компани нь ихээхэн хэмжээний мөнгийг эндээс олж байгаад засгийн газар огт дургуйцэхгүй байна. Учир нь барилгын компанийн амжилт нь Панамын эдийн засагт эергээр нөлөөлнө гэдгийг тэд мэдэж байгаа.


Зурган доорх бичиглэл: Шинэ шлюз буюу усны түвшин өөрчлөх талбай нь зургадугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.

Колумбаас салан тусгаарлаж Панамын сувгийг барьсан тэртээх зуунаас хойш ашигласан мөнгөн тэмдэгт болох АНУ-ийн доллар нь Панамын гол давуу талуудын нэг гэж томоохон бизнесмэнүүд надад хэлж байсан. Цаг хугацааг тэсдэггүй, тогтворгүй дотоодын мөнгөн тэмдэгтүүд нь Латин Америкийн орнуудыг хорлосоор удаж байна. Хөрш Колумбын мөнгөн тэмдэгтийн ханш саяхан 35 хувиар буурсан нь Панам даяар хүмүүсийг чичрүүлсэн бөгөөд бизнесмэнүүдэд долларын давуу талыг ахин сануулжээ. Ногоон дэвсгэрт маань

өчнөөн асуудалтай хэдий ч энэ бүс нутгийн бусад мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулахад Гибралтарын хад шиг юм.

Ажил хийх сонирхолтой л бол гадны иргэдийг амьдруулахдаа Панам дуртай. Панам хот олон үндэстэн нэг дор суурьшсан дэлхийн хэмжээний хот болон хувирч байна.

Гадны шууд хөрөнгө оруулалтыг мөн дэмждэг. Панам яльгүй олон байгаль орчин хамгаалагчидтай учир зөвшөөрөл авахад жаахан тэвчээр шаардлагатай. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгчдийн хувьд зөвшөөрөл авах үйл явц нь АНУ- ийн ихэнх мужуудаас ажиллагаа багатай, үр ашиг өндөртэй гэж үздэг. Панамын хувьд АНУ бол айж, боомилох зүйл биш харин найз, нөхөр нь юм.

Панамын татварын систем нь мөн зөөлөн байдаг. НӨАТ нь дөнгөж 7 хувь бөгөөд өв залгамжилсан хөрөнгөд татвар ногдуулдаггүй. Гэхдээ засгийн газар нь Хонконг шиг нэг шатлалт татварын системтэй болох хэрэгтэй. Мөн сүүлийн дөрвөн жилд үүсээд байгаа засгийн газрын зардлын өсөлтийг бууруулах шаардлагатай.

Түүнчлэн аялал жуулчлалын орон гэдгээ Панам тууштай сурталчлах зүйлсийг ихээр хийвэл тэдэнд ашигтай.

Панам дараачийн Сингапур болох хүсэлтэй боловч энэ хүслийг бодит байдал болгоход олон хуулийн шинэчлэл хийгдэх шаардлагатай. Сургууль, боловсролын системийг сайжруулахаас гадна ур чадвар шаардсан ажилд зориулан хүмүүсийг бэлдэн сургах тал дээр илүү их ажил хийгдэх хэрэгтэй байна.

Бас нэг том даваа нь авилга. Өмнөх засгийн газар нь хаа сайгүй хуруу дүрсэн байдлаараа алдартай. Панамыг магтах нэг зүйл нь эдгээр хуучин эрх мэдэлтнүүдийн ихэнхийг нь амжилттай ялласан юм. Панамчууд нийгмийн дундаж давхарга тэлснээр буруу явдлыг тэвчих үйлдэл багасна гэдэгт итгэдэг хүмүүс. Хар тамхины наймаа эрхлэгч, диктатор Мануэль Норьегаг АНУ тэргүүтэй цэргийн хүчээр эрх мэдлээс буулгаснаас хойш Панамд ардчилал бат бөх тогтсон аж. Панам азаар хөрш Коста- Рикагийн жишгийг даган 1990 онд өөрийн армиа татан буулгасан юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал болон түүний худалдаанд үзүүлэх сөрөг нөлөө, дэлхийн мөнгөний бодлогын эмх замбараагүй байдал, АНУ болон бусад орнуудад улам бүр газар авч буй худалдааг хамгаалах бодлого буюу импортыг хязгаарлах үзэл баримтлал зэрэг энэ жижиг улсын мэдлээс гадуур зүйлс олон. Гэвч Панамчууд ойрд бараг үзэгдэх үгүйтэй болсон амжилтын түүхээ дэлхийд таниулж, сурталчлах тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэй байна.


САНАЛ БОЛГОХ