Сургамж өгсөн бороо

Мэдээ

Шинээр барих авто замыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байлгана

Улаанбаатар хотод пүрэв гарагт орсон түр зуурын хүчтэй аадар бороо нийслэлийн ус зайлуулах системийн чанарыг шалгав. 30 орчим минут үргэлжилсэн энэ бороонд хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Үүний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорх давхруудад ус их орсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үерт автсан газар дээр Ус сувгийн удирдах газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, нийслэлийн Онцгой байдлын газрынхан шуурхай ажиллаж, айлуудад нэвтэрсэн болон замын хашлага давсан их усыг шөнөжин соруулж, замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр “Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй” гэв.

Түүнчлэн энэ хугацаанд 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой 65 удаагийн дуудлага ирсний дагуу онцгойгийн нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулжээ. Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаанд ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан дуудлага байв.

Ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх шаардлагатай гэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Энэ үеэр тэрбээр “Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ гарсан учраас хотын авто замуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй” гэдгийг албаныханд сануулав. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг даваа гарагт буюу өнөөдөр яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийх шаардлагатай талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, хэрэгжүүлэх ажилд тусгана гэв.

Аадар бороо орсны улмаас зарим газар хог болон лаг шавар ихээр цугларсныг цэвэрлэсэн байна. Тухайлбал, Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6300 ам метр талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж. Тус цэвэрлэгээгээр нийт 24 ажилчин 8480 кг лаг шавар, хогийг ачиж тээвэрлэжээ.

САНАЛ БОЛГОХ