Медалийн тоо дэлхийн эдийн засгийн тусгал болох нь

Спорт

Эмили Кэдман

Олимпийн медаль хүртэх нь хүчин зүтгэл, ур чадвараас шалтгаалах нь ойлгомжтой ч тамирчин хаана төрсөн нь бүр ч илүү учир утгатай хэмээн эдийн засгийн ухаан өгүүлж байна. Судалгааны PwC байгууллагын ахлах эдийн засагч Жон Хоксуортынхоор бол “Рио-2016”-гийн нийт медалийн 80 хувийг ердөө 30 улс “хамна”. Энэ нь манай гарагийн эдийн засаг дэлхийн нийт бүтээгдэхүүний ихэнхийг гаргаж байгаа хэдхэн хүчирхэг улсаас хамаарч буйг тольдон харуулж буй хэрэг хэмээн тэрбээр тайлбарлав.

Дэлхийн гол хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ медалийн тоогоор толгой цохих нь гайхаад байх зүйл биш. Хүн амын тоо, нэг хүнд ноогдох орлого зэрэг эдийн засгийн хувьсагч хүчин зүйлсийг спортын амжилттай холбон авч үзсэн эрдмийн судалгаа бүр 1950-иад оноос улбаатай. Гэхдээ ийм судалгаа 2000 оны Сиднейн олимпоос хойш эрчээ авсан талаар Лондоны их сургуулийн Биркбекийн спорт, бизнесийн төвийн профессор Клаус Нильсен тайлбарлав. Уг онд хэвлэлүүд Колорадогийн коллеж болон Дартмутын бизнесийн сургуулийн загвар ашигласан таамгаар дүүрэн байсан юм. Энэхүү хоёр загварын тооцоонд бие хүний спортын амжилтыг харгалзаагүй ч таамаг нарийн тохирч байсныг эдүгээ аль аль нь баталдаг.

Риогийн олимпийн өмнөхөн ч медалийн тооны талаар үнэн зөв таамаг дэвшүүлэх ажилд Goldman Sachs, PwC зэрэг том байгууллагын эдийн засагчид эрдэмтэдтэй өрсөлдөж байлаа. “Медалийн тоонд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл нь санхүүжилт болж буйг ийм судалгааны ихэнх нь нотолж өгдөг” хэмээн профессор Нильсен өгүүлэв. Жишээ нь, бүх шатанд спортыг санхүүжүүлэгч Францын хүн ам, орлогын байдалд үндэслэн хийсэн судалгааны дүнд тус улс Goldman-ы таамагт дээгүүр байр эзэлж байжээ.

Хүн амын хүйсийн харьцааг хүртэл харгалздаг сүүлийн үеийн зарим судалгааны загвар бүр ч нарийн. Ийм судалгаагаар спортод эмэгтэйчүүдийн оролцоог төдийлэн дэмжээд байдаггүй исламын шашинт улсуудын медаль авах боломж бага гардаг.

Олимпийн наадам зохион байгуулах нь таамагт илт өөрчлөлт оруулах бас нэг хүчин зүйл болж чадна. Бразилын хувьд 2012 оны олимптой харьцуулахад медаль хүртэх боломж нь 30 хувиар ихэснэ. Үүний ачаар нийт 22 медалийн эзэн болно хэмээн Goldman тооцоолжээ. Харин PwC тус улсыг наадам “зохион байгуулагч” болж буйнхаа ачаар лавтай 25 медаль хүртэнэ хэмээн таамаглав.

Юутай ч бразилчууд дээрх таамагт тэгтлээ үнэмших хэрэггүй болов уу. Учир нь Goldman 2012 оны олимпийг зохион байгуулагч улсыг авч чадсан медалийнх нь тооноос хамаагүй хэтрүүлэн үнэлж “алдсан” удаатай. Ийм жишээнд Австралийг багтааж болно. Сиднейн олимпоос 58 медаль хүртсэн австраличуудын амжилт Лондонд 35 болтлоо “уруудсан” юм.

Goldman-ы загвараар бол өмнөх олимпийг зохион явуулсан улс дараагийн наадмаас хүртэх нийт медалийн тоо 10, нийт алтын тоо 15 хувиар буурах ёстой. Харин профессор Нильсен өөр тооцоо хийж үзжээ. Тэрбээр сүүлд болж өнгөрсөн дэлхийн хэмжээний спортын арга хэмжээний дүн, тамирчдын оролцоог харгалзсан байна. Уг тооцоонд нийтэд танил нэрс дурайж буйн зэрэгцээ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг улс үлэмж амжилттай оролцоно хэмээн профессор таамаглажээ. Харин ОХУ-ын тамирчдыг оролцуулах тухай хожуухан гарсан шийдвэрийг тэрбээр төдийлөн хэрэгссэнгүй. “ОХУ-ын спортын амжилт унасан. Зарим тамирчдад нь хориг тавиагүй байлаа ч нийт амжилт гавихгүй” хэмээн профессор Нильсен өгүүллээ.


САНАЛ БОЛГОХ