“Рио 2016” Олимпийн наадмын эргэн тойронд
Зуны Олимпийн XXXI наадам Рио-де-Жанейро хотноо үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Рио 2016” наадамд АНУ, БНХАУ тэргүүтэй 26 тамирчин алтан медалийн эзэн болоод байгаа юм. Олимпийн алтан медальтай холбогдуулан “Fortune” сэтгүүлээс алтан медалийн үнэ цэнийн талаар сонирхолтой судалгаа хийжээ. Алтан медаль нь цул алтаар хийгддэггүй бөгөөд ердөө зургаан грамм орчим нь 24 каратын алт байдаг байна. Дундаж алтан медаль ойролцоогоор 366 ам.доллараар бүтдэг аж.
Хэрэв цул алтаар хийгдсэн бол 76 мянган ам.доллараар нэг алтан медаль бүтэх юм. Түүнчлэн ОХУ-ын баг тамирчид сэргээшийн асуудлаас болж ихэнх нь наадамд оролцох эрхээ хасуулсан ч спортын хүчтэй өрсөлдөгч улс гэдгээ харуулж хоёр алтан медаль хүртээд байна. Хэдий тийм боловч ОХУ-ын Паралимпийн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь наадамд оролцохыг хориглосон шийдвэрийг Олон улсын Паралимпийн хорооноос гаргажээ. “Рио 2016” наадам наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх юм. Наадмын үеэр хууль бусаар тасалбар борлуулагчид олширч байгааг наадмын зохион байгуулагчид олон нийтэд анхаарууллаа. Одоогийн байдлаар 40 орчим дамын наймаачдыг баривчилсан талаар мэдээлээд байна. Мөн Британийн “THG Sports” компани тасалбар хууль бусаар борлуулж байсан нь нотлогдож, зохион байгуулагчид мянга гаруй хуурамч тасалбарыг ням гарагт хураан авчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй