Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч П.Погба

Спорт

Том мөнгөн дүн түүний сэтгэл зүйд дарамт учруулж мэднэ

Дэлхий нийт Бразилын зүг, олимп руу анхаарлаа хандуулсан энэ үед хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн том үйл явдал боллоо. Английн “Манчестер Юнайтед” клуб Италийн “Ювентус”-ын хагас хамгаалагч Поль Погбаг 89 сая фунт буюу 105 сая еврогоор өөрийн эгнээнд нэгтгэсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан юм. Франц залуу ийн зарагдсанаар Гарет Бейлийн рекордыг эвдэж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр тодорчээ. Тэрбээр Манчестер хотын багтай таван жилийн гэрээ байгуулсан байна.

Сонирхолтой нь, “Юнайтед” бол түүний өмнө нь тоглож байсан баг. Тэрбээр 2009 онд 16-тайдаа энэ багт ирж, 2012 оныг хүртэл тоглосон юм. Гэвч талбайд гарахаасаа илүү сэлгээний сандалд суух нь их байсан тул дөрвөн жилийн өмнө Турин хотыг зорьсон билээ. Энэ шийдвэр ч зөвдөж, “Юве”-д ирсэн даруйдаа тэр талбайн төвийн гол тоглогч болж хувирсан. Улмаар дөрвөн жилийн хугацаанд ур чадвараа улам ахиулсаар өдгөө өөрийн байрлалдаа дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогдох болжээ. “МЮ”-ын хувьд үнэгүй явуулсан тоглогчоо асар өндөр үнээр худалдан авсан нь таагүй хэрэг. Гэхдээ Погба үнэхээр сайн тоглоод, баг амжилт гаргаад эхэлбэл энэ зэргийн мөнгө тэдэнд юу ч биш л дээ. Харин дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болсон нь Погбагийн сэтгэл зүйд том дарамт учруулж мэднэ. Хэрэв жаахан тааруу тогловол “Ийм өндөр үнээр зарагдчихаад” гээд л хүмүүс шүүмжлэх болно. Өөрөө болохоор мөнгөн дүн санааг нь зовоохгүй байна, зөвхөн тоглолтдоо анхаарна гээд байгаа. Гэхдээ 105 сая евро их, бага хэмжээгээр дарамт болох нь тодорхой.

Ер нь “МЮ” үеийн үед төвийн сайн хагас хамгаалагчаараа алдартай байсан. Өмнө нь Б.Чарльтон, Б.Робсон, Р.Кин, П.Скоулз зэрэг домгууд “Юнайтед”-ын төвийн байрлалыг эзэгнэж байв. Хамгийн сүүлд М.Кэррик энэ байрлалд олон жил сайн тоглосон. Гэвч түүний нас явахын хэрээр төвийн байрлал эзгүйрэх болсон. Харин одоо Погба дараагийн домог болох том найдлага төрүүлэн хуучин багтаа эргэн ирж байна. “Юнайтед”-ын дасгалжуулагч Ж.Моуриньо түүнийг дараагийн Скоулз болж чадна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. “Поль дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Тэр манай багийн чухал тоглогч байх болно. Тэр хурдтай, хүчтэйгээс гадна гоол оруулж, тоглолтыг “уншиж” чаддаг. Тэгсэн хэрнээ ердөө 23 настай. Тэгэхээр дараагийн 10 жилд “Юнайтед”-ын зүрх байх бүрэн боломжтой. Би түүнийг дараагийн Скоулз болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн португал мэргэжилтэн өгүүлжээ.

Погбагийн хувьд энэ зун “Юнайтед”- д ирж буй дөрөв дэх хөлбөмбөгч. Моуриньо өмнө нь төвийн хамгаалагч Э.Байи, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Г.Мхитарян, довтлогч З.Ибрагимович нарыг элсүүлээд байв. Харин одоо хамгаалалт, довтолгоонд жигд сайн оролцдог Погбаг элсүүлснээр бүх байрлалд санаа зовохооргүй болж байна.


САНАЛ БОЛГОХ