Шинэ цагийн салхи

Монголдоо Бүтээцгээе

Хөрвөх чадвартай сүлжмэлийн үйлдвэр байгуулж байна

Улаанбаатар хотын өмнө зүгт төвхнөсөн тансаг зэрэглэлийн “Shangri-La” олон улсын сүлжээ зочид буудлын хоёрдугаар давхарт үндэсний “Snow Fields” компани дэлгүүрээ өнгөрсөн сарын 14-нд нээв. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан хоёр тивийн бизнес форумтай давхацсан энэ үйл явдал монголчуудын хувьд юугаараа содон байж болох вэ?

“Snow fields” компани нь монгол ямааны цэвэр ноолуурын чанарыг дэлхийн зах зээлд батлан харуулах хүсэлтэй Монголын үндэсний цөөн аж ахуйн нэгжийн нэг. Ямааны ноолуур, торомны ноос, сарлагийн хөөврөөр жилд 80-аад мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнээ Монголоос гадна Япон, БНСУ, ОХУ, Европын зах зээлд нийлүүлж буй “Snow Fields” компанийг “Засгийн газрын мэдээ” сонин энэ удаагийн “Бүтээлч Монгол” буландаа онцолж байна.

Компанийн үйлдвэрийн байр Сонгинохайрхан дүүрэгт байрлах аж. “Snow Fields” компани сүлжмэлийн салбарт үйл ажиллагаа явуулаад өнгөрсөн жил 12 дахь жилтэйгээ золгожээ. “Нэг жилийн өмнө л Хан-Уул дүүрэгт “Монгол нэхмэл” компанийн байрыг түрээсэлж байсан шүү дээ” хэмээн тус компанийн захирал Ц.Ган-Өлзий ярив. Үйлдвэрийн зориулалттай хоёр давхар байшингийн дээд давхарт компанийн албан тасалгаа нь байрлах бол хялгасыг нь ялгасан ноолуурыг цувих, будах, утас ээрэх, улмаар түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх машин, тоног төхөөрөмж шугам сэлт нэгдүгээр давхарт нь байрлах аж. Тэгэхдээ тэдгээр нь бүгд компьютержсэн, автомат. Тодруулбал, тоног төхөөрөмжийн 98 хувь нь Японы “Shima Seiki” брэндийнх аж.

Жижиг захиалагчийн орон зай, зах зээл бий болчихоод байна

Биднийг тус компанийн үйлдвэрт очиход эднийх намар, өвлийн загвараа үйлдвэрлэж эхлээд байв. Энэ жилээс хүүхдийн коллекци шинээр үйлдвэрлэж эхэлж буй гэнэ. “Shima Seiki”-ийн whole garment буюу бүтнээр нь сүлжих машинаар үйлдвэрлэсэн нярай хүүхдэд зориулсан оёдолгүй өмд, цамцнаас авахуулаад солонгосчуудын захиалгаар үйлдвэрлэж буй ороолт гээд харахад л эгдүү хүрэм бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнгийн шилэн хоргоных нь цаана үзэгдэнэ.

“2014 он хүртэл сүлжмэлийн үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилсэн. 2015-2016 онд ээрэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлээд, шинэ үйлдвэрээ сая ашиглалтад орууллаа. Тэгээд нэг ёсондоо хөрвөх чадвартай сүлжмэлийн үйлдвэр байгуулахаар зүтгэж буй минь энэ” гэж Ц.Ган-Өлзий захирал ярив.

“Хөрвөх чадвартай гэдэг нь ямар ч төрлийн захиалгыг хүлээж аваад үйлдвэрлэх, өөрөөр хэлбэл, хувирах боломжтой байх юм. Нэгдүгээрт, одоо дэлхийн зах зээл дээр хуучных шиг нэг цамцыг 1000, эсвэл 500 ширхгээр захиалдаг том захиалагч бага болчихсон. Хоёрдугаарт, хүн бүр өөр хүний өмссөнтэй ижил хувцсыг өмсөх сонирхолгүй болчихлоо. Гэтэл цөөн тоотой, олон төрлийн загвар үйлдвэрлэхэд том үйлдвэрүүдэд хүндрэлтэй байдаг. Тийм учраас жижиг захиалагчийн орон зай, зах зээл бий болчихоод байна. Түүнд нь зориулсан хөрвөх чадвартай, цомхон үйлдвэрийн бүтцийг байгуулах гэж бодсон юм. Түүнийхээ дагуу зүтгэсээр үйлдвэрүүдийн шат дамжлага бүрийг шинэчлээд дуусаж байна.

Ямаанаасаа ноолуур самнаад авчихдаг, түүгээрээ утас ээрч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор үйлдвэр Монголд босож ирнэ

Ирэх жилээс үйлдвэрийн тоног төхөөрөмж жигдрээд ажиллах болов уу гэж бодож байна” хэмээн Ц.Ган-Өлзий захирал ярив. Хөл дээрээ боссон томоохон үйлдвэрүүд олон төрлийн загвараас цөөн тоотой үйлдвэрлэхэд хүндрэлтэй байхад 20 хүрэхгүй ажилтантай цомхон үйлдвэр үүнийг хийж чадаж буйг гайхах зуураа түүнээс ийнхүү асуулаа.

-Томоохон үйлдвэрийн хувьд хүндрэлтэй байдаг энэ чиглэлд ажиллах боломжийг танай компанид юу хангаж байна вэ?

-Яг энэ боломжийг бүрэн автомат, компьютержсэн “Shima Seiki”-ийн сүлжих машин олгож байна. Компани байгуулагдаад 12 дэх жилдээ ажиллаж байна. 12 жилийн хугацаанд “Shima Seiki”- ийн машины программ, түүний боловсон хүчнийг бэлтгэх тал дээр бид анхаарч ажиллаж байсан. Харин энэ жилээс сая хэлсэнчлэн хөрвөх чадвартай компанийн үйл ажиллагаа руу нэлээд хүч түрэн орох боломж бүрдэж байна. Гэхдээ үүнээс өмнө “Shima Seiki”-ийн сүлжих машин дээр ажилласан 10 гаруй жилийн туршлага байх хэрэгтэй. Олон захиалагч олон, цөөн тоогоор захиалга өгөхөөр өдөрт 5-6 загвар, сард 70-80 загвар хийх шаардлага гарна. Жилээр тооцвол 500-600 төрлийн загварын дагуу бид ажиллах хэрэгтэй гэсэн үг. Бүрэн автомат машин байхгүй бол бид дийлэхгүй л дээ. Автомат машинтай учраас тав, арван ширхгийг, эсвэл бүр нэг ширхгийг ч хийж болно. Программчилчихдаг учраас автомат машины давуу тал нь энэ.

-Компьютержсэн машинаар сүлжихээр ажиллах хүчний зардал буурна биз?

-Бүрэн автомат, компьютержсэн машин ашиглаж буй тул ажиллах хүч цөөрнө. Яг энэ хэмжээний үйлдвэр бол 80-аад хүнтэй байх байх аа. Харин одоо манайх 20-иод ажилтантай. Өөрөөр хэлбэл, 80 хүний хийж чадах бүтээмжийг түүнээс дөрөв дахин цөөн хүний хүчээр хийж байна. Гар сүлжих машинаас ялгаатай нь 3-4 дамжлагыг алгасаж байгаа юм. Дээр нь цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Товчлуур дараад л 2-3 ширхэг цамц бэлэн болно... Монгол компани гэхэд “Snow Fields”-ийг япон аж ахуйгаас ялгаж салгахын арга алга. Албан тасалгаандаа хүртэл гадуур өмсдөг гуталтайгаа гишгэдэггүй эдний үйлдвэрийн барилгыг япончуудын зургаар хийсэн ба өрөө тасалгаа бүр давхар хаалгатай, хоёр хаалганы хоорондох зайг хүртэл нарийвчлан тооцоолсон гэнэ. “Нэг хаалгаар нь ороод дараагийн хаалгыг нээхэд нөгөө хаалга нь хаагдаад, эргээд вакум орчин үүсэх юм. Тэгэхээр үйлдвэр гадагшаа чийг алдах нь бага, тэр нь утасны чанарт сайнаар нөлөөлнө” хэмээн үйлдвэрийнхэн тодруулж туслав.

“Өнгөрсөн жил эдийн засгийн байдал хүндрэлтэй болсон учраас бид зах зээл дээр борлуулалт гэхээсээ илүү боловсон хүчнээ бэлтгэх талаар голлож анхаарсан. Өөрийн мэргэжлийн боловсон хүчнээ энэ оноос эхлээд Японд найман сараас нэг жилийн хугацаатай дадлагажигч маягаар бэлдээд эхэлсэн. Тэгэхээр япон чанарын утсаар Японы зах зээлийн түвшинд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байх боломж бүрдэх юм л даа. Япон чанарыг дэлхий нийтээр биширдэг. Японы зах зээлд л борлуулж чадаж байвал дэлхийн аль ч орны зах зээлд тухайн бараагаа борлуулж чадна гэх үг хүртэл бий. Яагаад гэвэл япончууд үргэлж чанартай зүйл хийхийг эрмэлзэж, жижиг гэж орхихгүйгээр юм бүхнийг анзаарч, түүнийгээ ямагт засаж явдаг юм. Манай компанид ч гэсэн энэ нь дадал болсон” хэмээн Ц.Ган-Өлзий захирал ярилаа.


Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байдаг түмэн бэрхшээлийн нэг нь утас. Түүхий эдийн орон атлаа утас ээрдэг аж ахуйн нэгж хуруу дарам цөөн. “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”,”Буян”, “Сор кашемир”, “Блю Скай” гээд утас ээрдэг цөөн аж ахуйн нэг нь “Snow fields”. “Жилд бид 76 тонн утас үйлдвэрлэдэг юм. Монгол Улсын жилдээ авч байгаа 8000 тонн ноолуурыг утас болгож боловсруулахын тулд манайх шиг ийм жижиг оврын үйлдвэр нийт 50 ширхэг хэрэгтэй” хэмээн тэрбээр тэмдэглэлээ.

Монгол Улсын ШУТИС- ийн Нэхмэлийн хүрээлэнтэй хамтран “Shima Seiki” болон “Snow Fields”-ийн охин компани “KnitField” сүлжмэлийн автомат машины мэргэжлийн сургалтын ангийг энэ намар нээх гэж байна. АНУ-ын Нью-Йоркт, Английн Лондонд байдаг ийм мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ангийг Азиас анх удаа Монголд нээнэ гэсэн үг. “Японы компаниуд мэргэжилтнүүдээ “Shima Seiki”- ийн сургалтын төвд сургачихдаг учраас мэргэшсэн боловсон хүчнийг их сургуулийн түвшинд бэлтгэх талаар санаа нэг их тавиад байдаггүй. Тэгвэл Монголд бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж өгч байгаа юм. Жилд 20 оюутан сургана. Төгсөж байгаа хүүхдүүд нь гадаад хэлний өндөр боловсролтой бол дэлхийн аль ч оронд ажиллах боломжтой болно”. Ингэснээр таван жилийн дараа гэхэд Монгол Улс дотооддоо сүлжмэлийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин буюу дээд боловсролтой мэргэжилтнүүдтэй болох юм.

20 хүрэхгүй ажилтантай цомхон үйлдвэрийн ерөнхий төрх иймэрхүү. Үйл ажиллагаа нь бүхэлдээ Япон ахуйг санагдуулах аж ахуйн эзнээс Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр ашгийн талаар лавлалаа. “Японы жижиг, дунд үйлдвэр болон Монголын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжихийн тулд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталлаа. Япончууд ч, манайх ч сонирхолтой байгаа. Манай түншүүдийн дунд энэ хэлэлцээрийг батлагдахыг хоёр жил хүлээсэн улс бий. 13-18 хувийн татвараас чөлөөлөх тул тоо хэмжээний хувьд олноор эргэлддэг компанийн хувьд ашигтай тусна. Хоёрдугаарт, худалдан авагчид нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хямдраад очиж байгаа юм. Тэгэхээр хоёр талдаа ашигтай. Гэхдээ Монголын ноолуурыг Японы худалдан авагч мэдрэх хараахан болоогүй. Тийм их танигдчихсан бүтээгдэхүүн биш шүү дээ. Сүүлийн 35-36 жил хамтарч ажилласан учир зах зээлийг нь хятад ноолуур эзэлчихсэн. Хэчнээн маргаантай, үл ойлголцол гарсан ч хятадуудаас л авдаг. Түүнээс биш танайх сайн, одоо татваргүй болчихсон уу гээд япончууд шууд орж ирэхгүй. Туршилтын журмаар 1-2 жил явна. Тэр хугацааг нь давж чадвал хамтарч ажиллана, түүнийг нь давж чадахгүй өмнө нь сөхөрвөл бидэнтэй хамтрахад хүндрэлтэй.”

Цаашид цагаан ямаа өсгөхөөр төлөвлөж байгаагаа Ц.Ган-Өлзий захирал дурдав. Төлөвлөгөө амжилттай болбол ямаанаасаа ноолуураа самнаад авчихдаг, түүгээрээ утас ээрээд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэчихдэг бүхэл бүтэн цогцолбор үйлдвэр Монголд босож ирэх нь. “Бага, жаахан гэж гололгүй өөрсдөө л жаахан юм хийхгүй бол төрийн гарыг хараад зүгээр суултай биш. Хүссэн хүсээгүй ийм тал руугаа орохгүй бол болохгүй байна. Нөхцөл байдал ингэж шаардаж байна” хэмээн Ц.Ган- Өлзий захирал ярьсан юм.


САНАЛ БОЛГОХ