Технологийн эдийн засгийн хоосон үр ашиг

Технологийн цаг

Стив Лор

Та ухаалаг утсаараа ямар ч хэцүү асуултад хариу авч болно. Хүчтэй компьютерууд цаг уурчдаас илүү цаг агаарын мэдээ гаргаж, шатар мэтийн түвэгтэй тоглоомд аваргыг ч ялж чадна. Гэвч эдийн засагчид энэ бүх техникийн ид шид эдийн засагт яагаад өчүүхэн үр ашигтай байдаг вэ гэдэгт гайхаж сууна. Энэхүү уялдаагүй чанарыг харуулах нэг газар бол эмчийн өрөө юм. Теннессид гэр бүлийн эмчээр ажилладаг доктор Питер Сутерланд сүүлийн хэдэн жил өвчний түүхийг компьютерт оруулжээ. Тэрбээр “Би илүү ажиллаж байгаа боловч орлого жаахан багассан” гэв.

Бүтээмжийн ийм оньсого хэд хэдэн таамаглал үүсгэж, эдийн засагчдыг технологийн өөдрөг ба гутранги үзэлтнүүд гэсэн хоёр хэсэгт хуваалаа. Гутранги бүлгийн хамгийн алдартай төлөөлөгч бол Иллинойсын их сургуулийн эдийн засагч Роберт Гордон юм. Тэрбээр өнөөгийн дижитал инновациуд цахилгаан, машин, онгоц, антибиотик гэх мэтийн хуучны дэвшилтэт нээлтүүд шиг эдийн засгийн томоохон өгөөж өгнө гэдэгт эргэлздэг.

Өөдрөг талынхныг Массачусетсийн технологийн их сургуулийн Дижитал эдийн засаг төслийн захирлууд Эрик Бринжолфсон, Эндрю МаккАффи нар толгойлж байна. Тэд технологийн нээлт ба хүмүүс түүнийг үр ашигтай хэрэглэж сурахын хооронд заавал завсар гардаг хэмээн ярьжээ. 1990-ээд оны сүүлчээс 2000-аад оны эхэнд гарсан бүтээмжийн эрүүл өсөлтөд интернэт зэрэг технологи дэмжлэг үзүүлсэн нь үнэн. Тэд асар том өгөгдлийг шинжлэх, хиймэл оюун ухаан ба роботын хөгжлөөс ашиг ирнэ, зөвхөн хүлээх л хэрэгтэй гэнэ.

Зарим эдийн засагч дижитал бараа үйлчилгээг нарийн тооцдоггүй учир хэмжилтийн алдааны асуудал байгаа гэж баталж байна. Гэвч саяхан Холбооны нөөцийн банк ба Олон улсын валютын сангийн эдийн засагчдын судалгаа дээрх онолд эргэлзээ төрүүллээ. IDC хэмээх судалгааны фирмийн мэдээгээр технологийн зардал асар ихээр өсөж, өнгөрсөн онд 727 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Зардлын ихэнх хэсгийг өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх технологид зарцуулсан байна.

МакКинсигийн дэлхийн хүрээлэн хэмээх байгууллагаас гаргасан дүгнэлтэд эдийн засагт дижитал технологи нэвтрэх үйл явц дуусах яагаа ч үгүй гэж тэмдэглэжээ. Судлаачид аж үйлдвэрийн 22 салбарыг хамруулан хөрөнгө оруулалтын хэмжилт хийж, хөдөлмөрийг өөрчлөхөд технологи ашиглалт ямар нөлөөтэйг нягталжээ. Хэвлэл мэдээлэл, санхүүгийн үйлчилгээ зэрэг зарим салбар сайн явж байгаа бол эрүүл мэнд зэрэг салбар сүүл барьсан дүнтэй гарав.

Санхүүгийн хямралаас хойш Обамагийн засаг захиргаа эрүүл мэндийг дижиталын эрин рүү шилжүүлэх бодлого явуулсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд дижитал руу шилжсэн эмч нарт 44000 ам.долларын урамшуулал олгох хуулийг Конгрессоос баталжээ. Теннесигийн Морристаун хотод байрладаг Healthstar хэмээх 50 эмчийн бүлэгт багтдаг доктор Сутерланд холбооны урамшууллыг хүртэхийн тулд цахимд шилжсэн аж. Гэвч дижитал технологийг нэвтрүүлэх соёлын уялдаанд бэрхшээл гарсан байна.

Тус бүлэг программаа зардаггүй боловч үйлчлүүлэгчийнхээ орлогоос хувь авдаг Athenahealth гэдэг технологи түгээгч компанийг сонгосон байна. Healthstar 2012 оноос Athenahealth- ийн үүлэн тооцооллын системийг эхлээд төлбөр авах, улмаар цахим бүртгэлд ашиглав. Athenahealth-т өгөх төлбөр бүлгийн орлогын тав хүрэхгүй хувь байсан юм.

Өнөөдөр Сутерландын хувийн орлого болон эрүүл мэндийн бүлгийн орлого дөрвөн жилийн өмнөхөөс найман хувь буураад байна. Гэвч 350 ажилтантай Healthstar-ын ашиг, орлого аль аль нь 2015 онд 2014 оныхоос гурван хувь нэмэгджээ. Сутерланд өвчтөнтэй харилцахад дөхөмтэйг бодож, таблет ашигладаг аж. Тэрбээр бас дуу хоолой таньдаг программ суулгахаар шийджээ. Зургаан сарын турш орой бүр шахам шөнө дунд хүртэл сууж, түүний яриаг бичигт хувиргадаг программ дээр дадлага хийв.

Илүү цагаар ажиллаж байж эмийн сөрөг үйлчилгээг компьютерээс харан өвчтөнд хэлж өгч чаддаг болсноо доктор Сутерланд сайнаар үнэлж буй. Тэрбээр илүү их ажиллаж байгаа ч хамгийн сайн эмч гэдэгтээ итгэлтэй байдаг агаад “Би өвчтөнд илүү сайн үйлчилж байгаадаа аз жаргалтай байна” хэмээсэн юм.


САНАЛ БОЛГОХ