Ши Жиньпин: "Нэг бүс, Нэг зам" төсөл нь хамарсан бүх улсдаа өгөөжөө өгөх болно
Орчин үеийн "Торгоны зам" гэж нэрлэгдээд байгаа "Нэг бүс, Нэг зам" төслийг БНХАУ зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө хийж байгаа гэсэн олон улсын байр суурийн эсрэг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Нэг бүс, Нэг зам төсөл нь Ази-Европыг холбож, хамарсан бүх улсдаа үр өгөөжөө өгөх болно" гэж мэдэгдсэн байна. Мөн төслийн бүс нутагт багтсан улс төрийн тогтворгүй байдал ихтэй, дайн, террорист халдлага болдог улсуудыг дамжин өнгөрөх явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах, ямар эрсдэл учирч болох талаар сайтар судлахыг төслийн багт үүрэг болгосон байна. 1.4 их наяд ам.долларын өртгөөр хэрэгжинэ гэж тооцоолж байгаа энэхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг 64 улсын 4.4 тэрбум хүн амыг хамрах аж. Одоогийн байдлаар энэ санаачилгад 100 гаруй улс, олон улсын байгууллагууд нэгдэхээр болсон бөгөөд 30 гаруй улс албан ёсоор гэрээ хэлэлцээр хийсэн гэж Ши Жиньпин мэдэгдлээ. БНХАУ-ын экспорт нэмэгдэж, оролцогч улс орнууд үйлдвэржилтийн шинэ түвшинд шилжиж, дэлхийн эдийн засагт тогтвортой байдлыг бий болгоно гэжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй